Дуучин Д.Оюунтүлхүүр Японтой амьдралаа холбосон түүхээ анх удаагаа хуучлав

Дуучин Д.Оюунтүлхүүрийг танихгүй үзэгч, сонсогч байхгүй ээ. Монголоос илүү японд алдаршсан тэрбээр өөрийнхөө амьдралыг Япон улстай салшгүй холбоотой гэж үздэг бөгөөд түүхээ ийн хуваалцаж эхэллээ.

1983 он, Сургуульд орсон жил: Улаанбаатар хотын Найрамдлын районы (одоогийн Баянзүрх дүүрэг) 59 дүгээр цэцэрлэгт би гэдэг хүн ахлах ангиа төгсөөд дунд сургуульд орох боллоо. Тухайн үед аав, ээж, эмээ нар маань намайг ямар сургуульд оруулах талаар ярилцаад ерөөсөө л охиноо урлагийн хүн болгоё гэдэг шийдвэрийг гаргаж Хөгжим бүжгийн дунд сургуульд шалгуулаад үзье гэж шийджээ. Тэгээд аав намайг дагуулж яваад шалгуулах гэтэл тухайн жилд суралцах хүүхдүүдээс аль хэдийн элсэлтээ аваад дуусчихсан, бэлтгэл ангийн хичээл эхлээд явж байгаа гэсэн хариу сонсов. Элсэлтийн комисс хариуцсан тэнхимийн эрхлэгч Л.Замбага багшид аав хүсэлт гаргаж, охин минь их авъяастай, та бүхэн цаг гаргаад шалгаад өгөөч гэж хичээнгүйлэн гуйсны үр дүнд багш нар дахин хуралдаж комисс бүрдүүлээд хоёр хоногийн дараа шалгалт авав.

Сонсгол, ритм, гар, хурууны байдлыг минь харж, бас хэд хэдэн дуу дуулуулаад манай сургуулийн элсэлтийн шалгалтын шалгуурт тэнцэх хүүхэд байна гээд намайг тэнцүүлсэнд аав бид хоёр магнайгаа хагартал баярлаж билээ. 1983 оны намар 9 сарын 1 нд н.Маамхүү багштай 1А ангид элсэн орж, төгөлдөр хуурын мэргэжлийн багш минь Н.Ганчимэг болсон. Ингэж би гэдэг хүн анх урлагийн сургуулийн босгыг алхаж орсон юм. Сургуульд орохоосоо өмнө ааваараа нот заалгаж хөгжимд ойрхон өссөн болоод ч тэр үү надад тулгарах бэрхшээл харьцангуй бага байдаг байсан. Н. Ганчимэг багш минь надад сонгодог хөгжмийн гайхамшгийг мэдрүүлж ойлгуулж, их зүйлийг зааж сургасан, урлагийн ертөнцөд хөл тавих үндэс суурийг бүрдүүлж өгсөн ачтан билээ. Хөгжим бүжгийн коллежийн багш нарын заах ур чадвар, сургалтын хөтөлбөр нь дэлхийд өрсөлдөхүйц чансаатай гэдэг нь олон төгсөгч нарын сэтгэгдэл, тэдний амжилтаас тод харагддаг юм. Хайрт сургууль, багш нар, ангийн найзууд та нартаа үргэлж талархаж явдаг шүү.

1989 он, Япон руу явах болсон түүх: Намайг 1984 онд 2 дугаар ангид сурч байхад ээж Анагаахад дөрөвдүгээр курс, аав багшийн дээдэд концертмейстрын ангид тэнцчихсэн шинэхэн оюутан болж байх үед манайх гэдэг айл ам бүл дөрвүүлээ /аав ээж, би, охин дүү/ ХААЯамны урд талын 62 дугаар байранд эмээгийндээ багтаж шингэхээрээ цуг амьдардаг байв. Удалгүй аав оюутан болсон болохоор тэр намраа арслантай гүүрийн зүүн урд байрлах Багшийн дээдийн оюутны дотуур байрны нэг өрөөнд бид дөрөв эмээгийнхээс өрх тусгаарлаж тусдаа амьдрахаар болсон юм. Аав, ээж хоёулаа оюутан байсан болохоор оюутны цалин нь амьдралд хүрэлцээ муутай, тиймээс аав хөгжмийн найруулга хүмүүст хийж өгөх, байгууллагуудаар хамтлагтайгаа тоглолт хийх зэргээр мөнгө олж, ээж маань сургуулиасаа нэг жилийн чөлөө авч тарваганы арьс элдэн, малгай хийн зарж, амьдралаа залгуулдаг байсан. Тарваганы арьсаа будах болгонд ээжийн гар будгандаа хордож, сүүлдээ үрэвсэж, харшил өгдөг болж эхлэв. Ээжийнхээ гарыг хараад миний сэтгэл өвдөж, .. Ээжээ би танд туслах уу гэхэд ээж маань миний охины гар тарваганы арьс будахад зориулагдаагүй, төгөлдөр хуур дарахад зориулагдсан, гараа хайрлах хэрэгтэй гэж билээ.

1985 онд ээж төрж би 2 охин дүүтэй болов. Ам бүл нэмэгдэж, ээж аавын ачаалал улам их болохын хэрээр би биеэ даах болж, 3 дугаар ангиасаа эхлэн арслантай гүүрнээс сургууль хүртлээ ганцаараа явдаг болсон. 1988 оны 6 сар хүртэл амьдрал энэ маягаар үргэлжилсээр аавыг төгсөх үед дотуур байрны дарга эгч М танайх одоо нүүгээрэй намар шинэ оюутнууд ирнэ, байраа суллаж засвар үйлчилгээ хийх шаардлагатай байна гэж зарлиг буулгав. Хэдий нэг өрөө умгар ч гэсэн амьдарч байгаа байрандаа бид хэд аль хэдийн дасчихсан гараад хаачихаа мэдэхгүй арга ядахдаа зун байсан болохоор есөн сар хүртэл Чингэлтэйн зусланд гарсан. Аз болоход Багшийн дээд сургуулиас аавыг онц төгссөн гээд Концертмейстрын багшаар ажиллуулах урилга ирж, бид оюутны дотуур байрнаасаа хөөгдөх аюулаас түр хугацаанд аврагдаж билээ.

1989 оны 1 сард манай сургуулийн мэдээллийн самбарт нэгэн зарлал тавигдсан юм. Утга нь: Япон улсын Нагояа хотод зохиогдох Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадамд оролцох хүсэлтэй хүүхдүүд өөрийн зохиосон дууны үг, аяыг сургуулийн захиргаанд авчирч өгнө үү гэсэн байв. Ингээд би өөрийн зохиочихсон байсан Анхны хичээл нэртэй дуугаа Н.Ганчимэг багш, мөн манай ангид сонсгол, ритм ордог байсан МУГЗ, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж багшдаа сонсгож дууны үг, нотоо өгтөл Г.Пүрэвдорж багш, чи энэ шүлгүүдэд ая хийгээд үз гээд хэд хэдэн шүлэг зохиолчдын хорооноос авчирч ирснийгээ надад өглөө. Тэр шүлгүүд дундаас Л.Эрдэнэцэцэгийн Ээжийн бүүвэй шүлэг таалагдаж ая хийхээр оролдож эхлэв. Шүлгээ цээжилчихээд хэдэн өдөр бодоод л явж байлаа. Гэтэл нэг өдөр хичээл тараад харих замд шүлгийн дахилтаасаа ая нь шууд ороод ирэв ээ.

Ёстой ид шидийн ч гэмээр үйл явдал байсан юм. Орж ирсэн аяаа аялсаар байгаад гэртээ ирж төгөлдөр хуур дээрээ тоглож дуулан нотолж, хэдэн өдөр дуун дээрээ ажиллаж бэлэн болгоод Пүүжээ багшдаа өгөв. Багш сайн болж гэж магтаад миний дууг сургуулийн захиргаанд хүргүүлжээ. Сургуулиас хүүхдүүдийн бүтээлийг Соёлын Яаманд өгч хэсэг хугацааны дараа намайг ирж дуугаа студид бичүүлээрэй гэж дуудлаа. Монголд ардчиллын салхи сэнгэнэж эхэлсэн үе байсан даа, Хонх хамтлагийн ах нар Соёлын яаманд байрлах студид өөрсдийн дууны бичлэгээ хийж байх үед би таарч тэд миний дууг бичиж өгсөн байдаг юм. Ингээд дуу бэлэн болсон учир Соёлын яам миний дууг уралдаанд оролцуулахаар Япон руу явуулав. 1989 оны хавар 4 сард манай сургуулийн захирал МУГБ, гоо зүйч, сэтгэл судлаач М.Цэрэндорж багш маань намайг дуудаж Японоос хариу ирлээ охин минь чи явахаар болсон гэв. 1989 оны 8 сарын 13- нд болох Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадмын финалд оролцоно уу гэсэн урилга надад үзүүлэхэд цочирдох, гайхах, баярлах, догдлох, алмайрах за ер нь юм юм л болсон доо. Үнэн гэж үү багшаа гэж л дахин дахин асууж билээ.

error: Content is protected !!