Жүжигчин Р.Анхням: Би ээжийн хайр амтагдсан буузаар л найрагдчихсан

Жүжигчин Р.Анхнямын тоглосон киног үзээгүй хүн ховор. Тэрбээр Хятадын киноны зах зээлд монголоос анх хөл тавьсан жүжигчин. Басхүү өндөр үнэлгээтэй жүжигчин монголд бий гэдгийг Азид харуулаад авсан гэлцдэг. Жүжигчин бүсгүй анх нөхөртөө буузаар найрагдаж байж, гэтэл нэг гэрт орсон хойноо хадам ээжийнхээ хайр амтагдсан буузны амтаар нөхөртөө татагдсан болохоо мэджээ. Энэ талаараа ийн ярьсан юм.

Цагаан сарын бууз гэхээр надад нэг дурсамж дандаа бодогдоод байдаг юм. Би ч ер нь буузанд л явцан хүн л дээ. Баяраа намайг эргүүлж байхдаа, Хаана байна? Хоол унд идсэн үү? Би хоол аваачиж өгөх үү гээл өдөр шөнө харгалзахгүй надад нээх гоё бууз банш жигнээд л авчирч өгдөг байлаа. Би ч пээ ухаантай дээрээ ийм халамжтай тэгээд дээрээс нь ийм гоё хоол унд хийнэ… би ч мөн азтай хүн юмаа гээл буузаа идээд л цайгаа уугаад л ажлаа хийдэг байлаа. Тэгж байгаад бүүр суучихсаныхаа дараа тэр бууз баншийг хадам ээж маань хийгээд Баяраад явуулдаг байсныг олж мэдсэн билээ.

Ээж хүүгээ ганцаараа байгаа хоол ундгүй хэцүүднэ гээл бууз, банш, жигнээд хэрчсэн гурил өгөөд явуулхаар нь манай хүн надруу зөөсөн байдаг юм. Бид хоёрыг гэрлэсний дараа ч ажил ихтэй хүмүүс хурдхан жаахан юм пур хийлгээд идэхэд амар гээд бууз, банш, жигнэж хэрчсэн гурилаар таслаагүй дээ. Ээжийн хайр гэдэг ийм сайхан. Би хол явахдаа замаараа ээжийнхээр дайраад хоол унд идээд явна.

Гарaхад заавал чихэр өгнө. Буцаж ирэхдээ замдаа бас заавал ээжийнхээр очиж хоол иднэ. Чамайг ирнэ гээд тэнгэр цаг агаар хараад л байлаа. Хүчтэй салхи битгий гараасай гэж бодоод л суулаа гээд байж байдагсан. Ээжээс хойш би хааяа яг ээжийнх шиг амттай бууз хийгээд нөхөртөө идүүлчих юмсан гэж боддог ч амт нь ондоо болоод байдаг юм. Тэр буузнаас ээжийн хайр амтагддаг байжээ.

error: Content is protected !!