Солонгон аашт буюу Т.Анандагийн өмнө ба одоогийн төрх /фото/

Солонгон аашт буюу Т.Анандаг хоол хийдэг эмэгтэй гэдгээр нь хүмүүс илүүтэй танина. Харин тэр загвар зохион бүтээгч. Долоодугаар ангийн хүүхэд байхдаа л шөнөжингөө сууж 60,70 хувцас хийн, бүтэн коллекц гаргаад, шоу ч хийж явсан гэдэг.

Есөн хүүхэдтэй гэр бүлд би өсөж торнижээ. Энэ талаараа, Эмээ өвөөгийнхөө голомт залгаж төрсөн охин нь. Миний өвөө их уран хүн байсан. Эмээ минь бүх зүйлийг нарийн тооцоолж, их нямбай хийдэг хүн байсан юм. Цайны хийц, дээлийн шилбэ товч хадахад ч сэтгэлээ шингээж хийхийг хүүхэд ахуйд минь надад суулгаж өгсөн учраас би аливааг санаандаа хүртэл хийх дуртай. Хүн харах, үнэрлэх, сонсох гээд бүх мэдрэхүйгээрээ аливааг хүртэж, амьдралын баяр хөөрийг мэдэрч амьдрах ёстой юм болов уу гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Нийгмийн сүлжээгээр асар олон мэдээлэл хөвөрч байна. Үүнд шүүлттэй хандах хэрэгтэй. Хоол хүнсний талаар баталгаатай мэдээлэл хайж байвал номын дэлгүүр зорьж болно. Жирэмсэн үедээ дор хаяж гурван ном уншчих боломжтой шүү дээ. Би ээж болоход ямар өөрчлөлт гарах вэ, үүнийг яаж давах вэ, надад ямар хоол хүнс хэрэгтэй вэ зэргийг ээж болох бэлтгэл, хоол зүйн чиглэлийн номоос уншиж болох юм. Түүнчлэн та тайван, аз жаргалтай амьдрах ямар боломж байна, яаж өөрийгөө бухимдуулахгүйгээр бусдаас болон өөрөөсөө аз жаргалыг мэдэрч болох вэ гэдэгт шийдэл олоход ном тусалж мэднэ. Өөрийгөө бусадтай харьцуулж хямарч байхын оронд өөрийгөө танихад цагаа зарцуулж болно шүү дээ хэмээн ярьдаг нэгэн.

Хувцас загварын талын хүн учраас нүүр амаа будахаас илүү тод өнгийн хувцас өмсөх дуртай аж. Толгойн гоёл, аксессуараар донжийг нь тааруулаад гоёчихдог байна. Үүнийг ч түүний дагагчид олон зургаас нь харж байсан биз ээ. Гэр зууртаа л гоо сайхандаа анхаардаг гэнэ. Орой унтахдаа маскаа тавьчихдаг бөгөөд өөрийнхөө хийсэн бөмбөлөгтэй халуун усанд хэвтэж амраад авдаг байна.

Т.Ананда нөхөр Т.Дэлгэрмөрөнгийнхөө тухай, миний нөхөр маш загварлаг, торгон мэдрэмжтэй хүн шүү дээ. Дуулахдаа ямар гоё уянгалаг, аялгуулаг өнгө аясыг гаргадаг билээ дээ. Амьдрал дээр ч түүний дайны сайхныг мэдрүүлдэг. Мөн тэр дайны уур хүргэдэг. Төгс хүн гэж байхгүй шүү дээ. Намайг уурлуулах, сэтгэл дундуур байдал гаргах үед би өөрийнхөө хийж буй зүйлийг илүү сайн, бүр давуулж гүйцэтгэж харуулахыг хичээдэг. Ингээд бодохоор тэр хүн намайг урагшлуулж, нэг шат ахихад нөлөөлдөг гэж хэлж болохоор. Магадгүй би өөр хүнтэй суусан бол өнөөдрийн би байхгүй ч байсан юм бил үү. Бид хутга билүү хоёр шиг биенээ хурцалж чаддаг. Намайг гомдоох үе бий ч эмэгтэй хүн гэдэг утгаар хагартал баярлуулж ч чаддаг. Буцаагаад тэр дайны хариуг хүнээс  хүлээж авдаг. Намайг тоо, надад анхаарал хэрэгтэй гэдгээ ч илэрхийлдэг.

Ингэж ойлголцож чадаж байж харилцаа үнэн, бат бөх болж, баяр гуниг хосолж ирсэн. Бид хоёр бие биенгүйгээр хэн ч биш юм байна гэдгээ ойлгосон нь хангалттай. Уучилж, тэвчсэн нь илүү амьдралаас сайхан мэдрэмж авдаг юм байна гэж би ойлгосон. Эмэгтэй хүн өөрийгөө хүчирхэгжүүлэх эр хүнтэй учирвал зүсийг олно, эрэгтэй хүн сайн ханьтай учирвал зөв зам мөрийг олдог гэж би боддог. Миний хань, Зөөсий хоёр нэг өдөр төрсөн нь сонин хувь тохиол. Одоо төрөх гэж буй бидний бага охин маань мөн миний төрсөн өдөр мэндлэх юм. Энэ өдөр маш олон од гарагийн давхцалтай, хүчтэй өдөр. Энэ хугацааг миний ээж товлож, зурхайг гаргаж өгсөн. Бүх зүйлд учир бий. Шалтгаангүй зүйл гэж нэгээхэн ч үгүй гэдэг шүү дээ. Би дурсагдахаар түүх бүтээж, үнэ цэнтэй амьдрахыг хүсдэг. Энэ миний амьдралын зорилго юм хэмээн тэрбээр хэдэн жилийн өмнө өгсөн ярилцлагадаа дурьдаж байжээ.

error: Content is protected !!