Шороон шуурганы улмаас ингэ олноороо ботгоо голсон

Энэ сарын 15-ны өдөр болсон хүчтэй шороон шуурганы улмаас ингэ олноороо ботгоо голсон нь өмнө нь болж байгаагүй тохиолдол хэмээж байна.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин А.Жамъянлхагвагийн зургаан ботготой ингэ уг хүчтэй шуурганы дараа ботгоо голжээ. Гэрийн эзэгтэй Д.Нэргүй Манай зургаан ингэ ботгоо голоод, нэгээс бусад нь одоо ботгоо авчихсан байгаа. Ботгонуудынхаа түйрэн шороог цэвэрлэж, хонуутаар аргадаж байж авахуулсан. Манай аав ээж тэмээчин хүмүүс байсан болохоор би багаасаа тэмээний дэргэд өссөн хэрнээ тэмээ ингэж олноороо ботгоо голж байхыг ер үзээгүй гэж ярьсан юм. Малчин А.Жамъянлхагвагийнх Ханхонгор сумын хамгийн олон тэмээтэй айл бөгөөд одоо 20 гаруй ингэ ботголоод байгаа ажээ. 

Ташрамд хүчтэй салхи шуурганы улмаас агаарт их хэмээний түйрэн шороо дэгдсэн бөгөөд одоо ч Өмнөговь аймагт байнгын манантай байгаа юм. 

montsame.mn

error: Content is protected !!