Р.Эмүжин: Cошиалаар төр барина гэж байхгүй, солиотой болгоны хэлснээр гуйвж дайваад байх шаардлагагүй

Дэлхийн улс орнуудын туулсан замаар яг л алхаж байна даа. Өнөөдөр 285 хүнээс халдвар илэрлээ. Өчигдөр 235. Хоёр өдөрт аль хэдийнэ хагас мянга болчихлоо. Хөдөө орон нутагт нэгэнт тарж эхэллээ. Улс даяар нийт 6000 шахам хүн халдвар тээгч болжээ. Бөхийн өргөө, Спортын ордонд ор байрлуулах шийдвэр гарлаа. Маргааш гэхэд л хоногтоо халдварт өртөгсдийн тоо 300 гарах нь. Орон нутгийн эмнэлгүүдээс хүч нэмэгдүүлэн эмч, сувилагчдыг дуудан ажиллуулж байна. Хэдхэн хоногт 10, 20 мянган хүн өвдөөд, хаа сайгүй тархах аюул ойрхон ирлээ. Өнгөрсөн хавар хөл хорьж буй шалтгаанаа Засгийн газар Вакцин гартал бид тэсэх хэрэгтэй, учир нь монголчууд цөөхүүлээ гэж тайлбарлаж байсан. Нээрэн л вакцин гартал хаа хаанаа тэссэн. Хоригдсон, хохирсон, хүлээсэн. Алдаа ч байсан оноо ч бас байсан. Одоо үүнийг шүүх цаг ч биш, харин нэгдэж, нэг удирдлага, нэг хүсэл зоригоор тулгараад байгаа бэрхшээлийг хохирол багатай давж гармаар байна. Гаднын улс орнууд вакцинаа баталж, иргэдээ хамруулж эхлэхтэй зэрэгцэн Монгол дотооддоо халдвар алдсан. Хорионд хоног тоолон сууж, вакцинтай золгох гэж хугацаа хожсоныхоо хэргийг одоо л гаргачихмаар байх юм.

Юун төлөө энэ хүртэл тэссэн билээ дээ, вакциндаа яаралтай хамрагдаж, төрөөс ч энэ ажлыг шуурхай, далайцтай зохион байгуулмаар байна. Зоригтой ажилламаар байна. Угаасаа сошиалаар төр барина гэж байхгүй, солиотой болгоны хэлснээр гуйвж дайваад байх шаардлагагүй. Хүн болгон өдөр өдрөөр нэмэгдэж буй халдвар дундуур өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн авч гарахаа тогтож бодох цаг болсон байна. Вакцин уу, эсвэл гэрийн хорио юу? Гэр бүлээрээ ярилцаад сонголтоо хийж, энэ хавар зуныг халдвар дундуур туучиж барах нь. Би хувьдаа дархлаатай болчихоод давагдашгүй хүчин зүйлийн дундуур ажил амьдралаа амжуулахыг сонгосон. Томоохон худалдааны төвүүд, Хүчит шонхороос эхлээд үйлчилгээний газар, захынхан вакциндаа нэгдсэн байдлаар хамрагдсан байна билээ. Хоёр дахь тунгаа хийлгэчихвэл тэд хөл хорионоос гарна, тэднээс үйлчилгээ авдаг бид ч айдсаа ардаа хаяна. Үнэгүй вакцин олдохгүй талдаа болж, зарим компаниуд нэгдсэн журмаар захиалгаа өгөөд, Спутник-ын хоёр удаагийн тунг нэг ажилтандаа 120 мянган төгрөгөөр захиалан хийлгэж байна.

Эрт дархлаатай болох тусмаа эрх чөлөөндөө эрт хүрч, ажил, бизнесээ эрт аварна. Үүнийг ч учир мэдэх улс ойлгоод шамдаж байна, өөр гарц алга. Сошиал дээр сондгойрч, чип яриад чичирч байх хооронд чинь 4 сарын 12 хүртэлх бүх шинжилгээний цаг дуусчихсан байгаа биз? Биеийн эсэргүүцэл сайтай юм чинь тусаад эдгэнэ биз бодож байна уу, таны хажууд байгаа бага насны хүүхэд, өндөр настан, хууч өвчтэй ах дүүсээ бодоод үз дээ. Тэгээд юу гээч, төрөө шүүх цаг хэзээ ч олдоно, төрсөн биеэ, төрөл садантайгаа авч үлдэхэд хором хожиж, агшин амжих нь өөрөө амьдрал шүү дээ. Үхэхээ байг гэхэд үүргэвчээ үүрээд Спортын ордон, дунд сургуулиудын томоохон өрөөнд зэрэгцүүлж дэлгэсэн орон дээр хэвтэж, хуарангийн амьдралд хөл тавихыг хэн ч хүсэхгүй.

error: Content is protected !!