Б.Гантогтох гарьдын охин Хандсүрэн Японы волейболын Дээд лигийн тоглогч болжээ

Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхийн ач охин, улсын гарьд Б.Гантогтохын охин Хандсүрэн Японы волейболын Дээд лигийн тоглогчоор сонгогджээ. Ингэснээр Монголын волейболчид гадаадын лигт легонер тоглогчтой боллоо.

Энэхүү баярт мэдээг Г.Хандсүрэн өөрийн цахим хуудснаа бисчсэн байв. Түүний хувьд волейболын спортоор мэргэжлийн түвшинд хичээллээд 8 жил болжээ.

Г.Хандсүрэн – Сайн байцгаана уу. Волейбол сонирхогч дэмжигчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монголын волейболчид ингээд гадаадын Лигт Легонер тоглогчтой боллоо.

Ингээд нэг мөрөөдөл минь биеллээ. Чадлаа. Олон том бэртэл авсан ч шантралгүй өнөөдөр хүрсэн өөртөө, намайг хамгийн ихээр дэмждэг гэр бүлийнхэн, өвөө эмээ ах эгч, найз нөхөддөө мөн Волейболын спортоор хичээллэхэд томоохон тус дэм болсон Японы болоод Монголын Волейболын гэр бүлийн хүн бүрт, Тэнүүн Огоо клубын удирдлагууд, нийт хамт олонд гүнээ талархаж байна.

Ийнхүү 2020 оны 12 сард International Transfer Certificate аван, V League 2020/21 улирлын 3 дахь тойргоос тоглолтонд оролцож, албан ёсоор өнөөдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Японы V League-ийн Легонер тоглогчдын нэг боллоо.

Мэргэжлийн тамирчин гэх нэрийг нэр төртэйгээр зүүх үнэхээр гайхалтай сайхан байна. Энэхүү спортод хөтлөн оруулсан С.Гансүх, Д.Солонго багш нартаа тусгайлан баярласан талархсанаа илэрхийлье. Монгол Улсын иргэн хэвээр байгаа ба Монгол Улсын шигшээ багийн амжилтаа ахиулахын тулд Японы бусад мэргэжлийн тамирчин найзууд эгч дүү нараасаа суралцаж, тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэж зорьж байна. Хөдөлмөр хүнийг бүтээнэ, битгий шантраарай хэмээн бичжээ.

error: Content is protected !!