Шадар сайдын эхнэрийн дуулианаас болж E-mongolia сайтаас мэдээлэл харах боломжгүй болсон yy

 Макцинд хамрагдсан иргэдийн мэдээллийг E-Mongolia платформд байршуулж, лавлагаа олгох боломжтой болгосон. Лавлагаа нь англи, монгол хэл дээр хэвлэгдэх тул гадаадад зорчих иргэд тухайн лавлагаагаа үзүүлээд явах боломжтойг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдэж байсан билээ

Харин өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр дахин шалгахад вакцины талаарх дэлгэрэнгүй мэдээлэл алга болж, зөвхөн Нэг тун буюу эхний тунгаа хийлгэсэн тухай мэдээлэл л харагддаг болжээ.

Тодруулбал, УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоогийн ХӨСҮТ-рүү чөлөөтэй орж гарсан гэх мэдээлэл тарсан нь иргэдийн шүүмжлэлийг ихээр дагуулсан.

Шадар сайд С.Амарсайхан өөрийн гэргийг ХӨСҮТ-өөр ороод, гарснаас хойш өөр хүнтэй уулзалгүй мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж, эцэг эхийнхээ гэрт тусгаарлагдаж байгаа хэмээн гуравдугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн ч түүний эхнэр гуравдугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн эмнэлэгт вакцин хийлгэсэн тухай мэдээлэл цахим сүлжээнд тарсан юм.

Энэхүү жиргээ нь дөрөвдүгээр сарын 2-нд олон нийтийн сүлжээнд тавигдсан. Харин түүнээс хойш дөрвөн өдрийн дараа e-Mongolia-д нэвтрэхэд ийнхүү мэдээлэл харагдах байдал өөрчлөгдсөн буюу илүү хаалттай болсон байна. 

Ийнхүү өөрчлөлт орж байгаа талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон холбогдох албаныхан олон нийтэд хандсан ямар нэг мэдээлэл хийгээгүй байгаа гэдгийг тодотгох хэрэгтэй. 

Ямартай ч Шадар сайдын эхнэр гамшгийн үеийн дэглэм зөрчин ХӨСҮТ буюу Улаан бүсэд нэвтэрсэн гэсэн мэдээлэл гарсны дараа ийнхүү иргэд ямар вакцин хийлгэсэн талаарх мэдээллээ дэлгэрэнгүй харах боломжгүй боллоо. 

error: Content is protected !!