Унаган хайрын эзэн жүжигчин Б.Нармандах Гавьяат жүжигчин цолоор шагнуулна

Ерөнхийлөгч Х.Баттулгай төрийн одон медаль гардуулах билээ.

Тэгвэл энэ ажиллагааны үеэр Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Батсүхийн Нармандах Улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдах болжээ.

Унаган хайр-ын Б.Нар­мандах гэхээр уншигч та андахгүй биз ээ

Тэрбээр 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд УБДС-ийн Кино-драмын ангийг Жүжигчний мэргэжлээр төгссөн

  Унаган хайр-ыг Б.Нармандах зөвхөн дууны уран бүтээлээр дагнаагүй юм. Ажил амьдралынхаа гарааг Армийн театр-аас эхэлсэн бөгөөд өнөөдөр ч урлагийн алтан тайзнаа нар болон мандсаар явна. Оюутны ширээнээс дөнгөж өндийсөн даруйдаа үеийн хэдэн нөхдийн хамт Армийн театр-ыг байгуулж явсан гайхам түүх түүнийх.

Жүжигчин Б.Нармандах өдгөө 70 гаруй жүжиг, 30 гаруй киноны уран бүтээлд туслах болон гол дүрийг бүтээж, Монголын тайз дэлгэцийн түүхэнд өөрийн гэсэн тодоос тод мөрийг үлдээж яваа нэгэн юм.

Түүнийг АЖ Л.Жамсранжав агсны гэргий гэдгийг монгол түмэн андахгүй биз ээ. Хайр дурлалынхаа золиосонд олон удаа шүүмжлэл сонсож байсан ч энэ бүхнийг даваад гарсан сайхан хосууд гэдгийг монголчууд андахгүй. Тэрбээр, ханийнхаа тухай дурсахдаа Тухайн үед би дуулдаг байсан учраас Баян Монгол чуулгад дуучнаар ажилласан. Филармонид нэг жил дуулсан юм. Уг нь сургуулиа төгсөөд театрт хуваарилагдсан ч театрын хаалга миний өмнө хаагдсан учраас өөр арга надад байгаагүй. Х.Төмөрбаатар гавьяат Б.Баяраа, Л.Оюунчимэг, Б.Нандинцэцэг зэрэг алтан үеийнхэнтэй хамт ажиллаж байснаа азтайд тооцдог юм. Миний хань их л сайхан сэтгэлтэй, ачааны бүх л хүндийг үүрч явсан эр хүн дээ. Цаг хугацаа бүгдийг залруулж, драмын театртаа жүжигчнээр ажиллах боломж дахин олдсон. 1992 оноос хойш драмын театрынхаа алтан тайзан дээр олны хэсгээс нь эхлээд гол дүр бүтээх хүртэл олон сайхан уран бүтээлд тоглосон. Драмын театртаа жүжигчнээр ажиллахаас гадна дуучин гэдэг утгаараа олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж ирлээ. Хүүхэд байхдаа Оросын  мюзикл тоглолтыг байнга үзэж, тоглох юмсан гэж их маш их хүсч, мөрөөддөг байсан. Гэтэл тухайн үед манайд мюзикл байгаагүй л дээ. Драм бол драм, дуучин бол дуучнаа л хий гэдэг нийгэм байлаа. Гэхдээ би жүжигчин, дуучны ажлаа хослуулж чадсан.

Дуучны хувьд би сургуулийг нь төгсөөгүй ч Г..Алтанхуяг, Ц.Чинзориг, Б.Лхагвасүрэн гээд мундаг хөгжмийн зохиолчид надад дуунуудаа өгсөн нь маш том аз байсан гэж би боддог хэмээн дурслаа.

Б.Нармандах гуай нөхрөөсөө 20 насаар дүү. Амьдралын хань, хоёр хүүхдийнх нь аав бурхны оронд одоод удсан ч түүндээ зориулан шинэхэн уран бүтээл хийж байгаа тухайгаа бидэнд дуулгаж байсан юм.

Түүний амьдралд уналт мандалтын аль, аль нь байсан. Алинд нь ч тэр урлагийн төлөөх хүсэл мөрөөдөл, зорилгоосоо ухралгүй өнөөдрийг хүрчээ. Ямар ч цаг үед салбараасаа урвалгүй 30 гаруй жил урлагийн тайзнаа ургасаар яваа, мандсаар яваа наран юм. 

Харин чөлөөт цагаараа эмээгийнхээ үүргийг гүйцэтгэж хоёр зээгээ хардаг том ажилтай. Урлагийн салбараас урвалгүй 30 гаруй жил ажиллаж, өнөөдөр ч их урлагийн төлөө зүтгэсээр яваа энэ гайхалтай уран бүтээлчийн энгэрт өнөөг хүртэл гавьяатын одон байхгүй байсан ч ийнхүү төрийн хүндэт шагнал эзнээ олжээ.

error: Content is protected !!