Буратиногийн дүрээр олноо танигдсан Норолхоогийн удам дамжсан уран бүтээлч охин Э.Базарханд Алтан гадас одонгоор шагнууллаа


Өнөөдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж Улсын Хүүхэлдэйн театрын Дууны инженер, Үйлдвэр, тайзны албаны дарга Эрдэнэчимэгийн БАЗАРХАНД-ыг Алтан гадас одонгоор шагналаа.Шагналыг Соёлын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат гардуулан өглөө.

Тэрбээр жүжигчин О.Норолхоогийн охин юм. Хүүхэлдэйн театрын удам дамжсан уран бүтээлч бөгөөд энэ шагналын талаар түүний ээж О.Норолхоо бичихдээ, Аавынхаа гар дээр төрсөн алдрайхан охин минь төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мялаагаад аав ээжээ баярлуулж байхыг харах юутай сайхан бэ.Энэ нь сайн аавынхаа сайхан мэргэжлийг эзэмшсэний буян, сайхан хамт олонтой зүтгэсний буян, гэнэн цагаахан бяцхан үзэгчид болсон хүүхдүүдийн ариухан сэтгэлийн шагнал гэж баярлаж бахархаж байна. Энэ их нэр хүндтэй шагналыг олгосон театрын удирдлага болон хамт олонд баярлаж талархан мэхийн хүндэтгээд үйлс бүхэн нь дэлгэрч явах болтугай гэж хоёр буурай нь ерөөе хэмээжээ.

Буратиног амилуулсан жүжигчин О.Норолхоо залуу насаа театрт зориулаад кинонд тэр бүр олон дүр бүтээгүй ч тоглосон кино бүртээ өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхөө тодхон үлдээдэг уран бүтээлчийн нэг.

Осорын Норолхоо 1950 онд Улаанбаатар хотод төрсөн. 1968 оноос Улсын Драмын театрт жүжигчин. 1992 оноос Хүүхэлдэйн театрт туслах найруулагч хийж байжээ.

О.Норолхоо театрт хүүхдийн дүр бүтээдэг цөөхөн жүжигчдийн нэг байсан тул кинонд явах зав гардаггүй байсан гэх яриа ч байдаг.

1968 оны хавар нэрт найруулагч Л.Ванган, Ардын жүжигчин Д.Дамдинсүрэн, Драмын театрын боловсон хүчин Дэндэв тэргүүтэй хэсэг хүмүүс дунд сургуулиудаар явж, хүүхдүүдийг жүжигчний шалгаруулалтад оруулжээ. Театрт шууд хүүхдийн жүжигчин гэдэг орон тоон дээр ажиллах, бие жижиг, авьяастай, сэргэлэн хүүхэд хайж явсан нь тэр байж. Тэд эрснээ ч олж. Нийт 500 хүүхдийн дундаас сонгон авсан таван хүүхдийн нэг Осорын Норолхоо гэж шавилхан биетэй, сэргэлэн цовоо, жигтэйхэн хөдөлгөөнтэй жаахан охин байв. Сонгож авсан таван хүүхэд дунд эдүгээгийн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Цэрэнпагма нар бас байсан гэдэг.

МУСТА Норолхоогийн хань нь мөн л насаараа театрын гэрэлтүүлэгч, дууны инженер хийсэн Д.Эрдэнэчимэг гэж хүн бий. Энэ хоёр маань бие биенээ хайрлаж халамжлахын үлгэр дуурайл болсон сайхан хос билээ.

Тэрбээр театртаа 24 жил ажиллаад 1992 онд гавьяаны амралтаа авчээ. Тэтгэвэртээ гарахаас нь хоёр жилийн өмнө нэрт найруулагч Г.Доржсамбуу түүнд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгийг зүүж өгч байсныг бахархан дурсдаг. Буратино эмээ тэтгэвэртээ гараад ч тайзнаасаа холдсонгүй. Эрдэнэт хотын  хүүхдийн театрт хоёр жил болоод улмаар 1994 оноос Хүүхэлдэйн театрт найруулагчаар ажиллажээ.

Насаараа театрын урлагт хүчин зүтгэсэн жүжигчин Норолхоог гавъяат жүжигчин хэмээх эрхэм алдрыг хүртээрэй гэж олон хүн хүсдэг юм.

Түүний охин мөн л ээж шиг цайвар үсээр дүр төрхөө тодорхойлсон нь жүжигчин Норолхоогийн яг ижил хуулбар бөгөөд зарим нэг нь ээжтэй нь андуурмаар адилхан хэмээн ярьдаг байна.

error: Content is protected !!