Бүжигчин Б.Халиун: Бүжгээр дамжуулан зөв хандлагыг түгээнэ

Энэ удаагийн Шинэ танил буландаа бүжигчин Б.Халиуныг урилаа. Тэрбээр Ододтой бүжиглэе шоу нэвтрүүлэгт Ангууч буюу Б.Баттөрийн хамтрагчаар оролцон ялалт байгуулсан билээ.

 -Таныг Ододтой бүжиглэе шоугоор уншигчид мэдэх ч өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу? 

-Намайг Батаа овогтой Халиун гэдэг. Би СУИСийг 2017 онд бүжигчин мэргэжлээр төгссөн. Бүжгийн спортын Олон улсын хэмжээний мастер. Moon Dance хамтлагийн гишүүн. Бүжгийн спортоор хичээллээд нийтдээ найман жил болж байна. Хамтлагтайгаа дэлхийн аваргын тэмцээнд тасралтгүй зургаан жил оролцож тавдугаар байранд орсон амжилт үзүүлсэн. 

-Яагаад бүжигчин мэргэжлийг сонгохоор шийдсэн бэ? 

-Би багадаа урлагийн үзлэг, тэмцээн гээд идэвхтэй оролцдог байлаа. Дунд ангид байхад манай англи хэлний багш бүжгийн дугуйлан нээж тэр дугуйланд орж бүжигт дуртай болсон. Тэр цагаас хойш бүжгийн урлагаар хичээллэж бүжгийн гайхамшгийг мэдэрч явна. 

-Гэр бүлийн хүнтэйгээ нэг салбарт хамт ажилладаг байхын давуу тал бас бэрхшээлтэй нь? 

-Нөхөртэйгөө хамт бүжиглэж, ажиллаж, амьдрахад мэдээж маш олон давуу талтай. Хэрвээ бэрхшээл тохиолдвол бие биеэ сайн ойлгодог болохоор хамтдаа даван туулахад амар байдаг. Шоуны үеэр миний хайр намайг хамгийн ихээр дэмжсэн. Шантрах үед урам өгч энэ амжилтыг үзүүлэхэд гол нөлөөлсөн хүн шүү дээ. Хамтдаа хөгжиж бусдад бүжгээр хичээллэхийн ашиг тусыг мэдрүүлэхийн тулд өнөөдрийг хүртэл олон контент челлэнжүүдийг хийсээр явна. Бид хоёр Royal Dance бүжгийн клубыг удирддаг. Би нөхөртэйгөө бүжгээр танилцсан. Миний амьдрал дахь хамгийн том азтай тохиол гэвэл хайртайгаа учирсан нь. Улам илүүгээр нэг нэгнээ дэмжсээр, хайрласаар байх болно. 

-Ододтой бүжиглэе шоуны дурсамжаасаа хуваалцаач?

 -Үнэхээр гайхалтай аялал. Олон найзуудтай болж амьдралд маань нэгэн хуудас шинээр нэмэгдсэн. Мөн шоуны хамтрагчаар Б.Баттөртэй таарч ялагчийн цомын эзэн болсондоо маш баяртай байгаа. Ангууч маань шоуны туршид хоног хоногоор сайжирсан. Бүжигт ямар их авьяастайг нь та бүхэн харсан байх. Тууштай сайн байж эцсээ хүртэл тэмцэж үнэхээр сайн байсан. Энэ шоу бол бүжигчин хүний дотор байдаг бас нэг мөрөөдөл шүү дээ. 

-Бүжгийн урлагийг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл явцад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа танай хамт олон Dance chance challenge эхлүүлсэн. Энэ талаараа бидэнтэй хуваалцаач?

 –Dance chance гэдэг нэр нь өөрөө бүжгийн боломж гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бүжгээр олж болох бүх боломжуудыг хүмүүст нээн таниулах, туйлын зорилго нь Монголдоо бүжигчний үнэ цэнийг нэмэгдүүлэх, бүх насны хүмүүст бүжгээр дамжуулан соёл, зөв хандлагыг түгээх юм. Бид ямар ч муу зүйлийг ярьдаггүй. Дандаа эерэг байхыг хичээдэг. Бидний хийж буй челлэнж болгон маань ардаа нэг уриа, зорилго, эерэг агуулгатай байдаг. Жишээ нь Хоггүй аялъя, Эвтэй монгол, Эх хэл бичгээ дээдэлье эерэг санааг агуулдаг. Бидний хамгийн сүүлд зарласан Дээлтэй монгол челлэнж өргөн цар хүрээг хамарч чадсан.

 -Бүжиггүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлж байсан уу? 

-Бодох гэхээр ерөөсөө төсөөлөгддөггүй юм. (инээв) Хааяа бүжгээс өөр мэргэжил эзэмшсэн бол ямар мэргэжилтэй болох байсан бол гэж боддог. Оффист суудаг ажлыг би хийж чадахгүй байх аа. Байнга л хөдөлгөөнтэй байдаг болохоор удаан суухаар бие их чилдэг.

-Цаашдын төлөвлөгөө, зорилгоосоо хуваалцахгүй юу? 

-Хайртайгаа нэг хүн болсон учраас бид гээд ярьчихъя. Бидний цаашдын зорилго, төлөвлөгөө гэвэл бүжгийн чиглэлээрээ мэргэжил дээшлүүлж гадаадад сурч, энтертаймент чиглэлд өөрсдийгөө хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн Dance Chance төслөөрөө бусдад нөлөөлсөн шинэ контентууд хийхээр төлөвлөж байна. Бага насны хүүхдүүдэд бүжгийг таниулж боловсрол олгох төсөл хэрэгжүүлэх гээд олон ажлууд байгаа.

error: Content is protected !!