Саеид Моллай: Засгийн газар хүлээн авч баяр хүргэнэ гэсэн байсан ч тэр өдөр юу ч бололгүй би зочид буудалдаа гайхаж хоцорсон

Токио Олимп наадмаас жудо төрөлд мөнгөн медаль хүртсэн Саеид Моллай хоёр хоногийн өмнө Герман улс руу явж эхнэр хүүхэдтэйгээ уулзахаар явжээ. Тэрбээр олимпийн наадмын дараа Монгол улсад байхад Монгол Улсын засгийн газраас хүлээн авч, дэмжлэг үзүүлээгүй талаар сэтгэл дундуур байгаагаа ийн ярьжээ.

Токио Олимп дууссаны дараа Монголын Олимпын Хорооноос холбогдож “Монгол Улсдаа шууд ирээрэй, МУ-ын Засгийн газар хүлээн авч баяр хүргэж хүндэтгэлийн ёслол хийх болно” гэсэн мэдээг дуулаад баяр хөөртэй ирсэн боловч юу ч бололгүй 10 хоног өнгөрсөн. Зочид буудалд байрлах хугацаанд маань мэдээж олон найз нөхөд, хувь хүмүүс маш том баярын мэнд хүргэж сэтгэлийн бэлэг өгсөнд гүнээ талархаж байгаа. Тийнхүү ямар нэг ёслол арга хэмжээ бололгүй олон өдөр хүлээж байгаад би өөрийн хайрт гэргий болон хүүхэд рүүгээ яарч байсан даруйд энд гэр бүл дээрээ ирсэн байж байна. Хэсэг амарч байгаад эргээд даруйхан Парисын 2024 Олимпын бэлтгэлдээ орохоор зэхэж байна. Бэлтгэлээ мэдээж Монгол улсдаа хийнэ.

Олон найд нөхөд маань ханддаг юм л даа, Саид чи Монголдоо ирж амьдарч байж болдоггүй юм уу гээд… Одоогоос жилийн өмнө Ноён Дагвадорж маань надад байр бэлэглэж байна хэмээн мэдээлсэн боловч яг юу болсныг сайн мэдэхгүй байна, их аваргаас хариу байхгүй, холбогдож чадаагүй л байна. Мөн адил улсын маань Засгийн газраас ямар нэг шагнал, цалин өгөөгүй, гунигтай байна.

Медалиа өвөртлөөд ирэхэд нь угтан авч баяр ёслол хийнэ гэж байсан юм, яг тодруулбал 8 сарын 13нд Засгийн газар хүлээн авч баяр хүргэнэ гэсэн байсан ч тэр өдөр юу ч бололгүй би зочид буудалдаа гайхаж хоцорсон. Амжилт гаргасан бусад Монголынхоо тамирчдад би та бүхнийхээ адил чин зүрхнээсээ бахархаж  байгаа. Тэдгээр тамирчдад баяр хүргэж шагнал өгч байгааг хараад сайхан байсан, гэхдээ би бас улсынхаа иргэн нь биздээ гээд сэтгэл маань эмзэглэж гунигласнаа нуулгүй илэрхийлмээр санагдаад энэ ярилцлага өгч байна. Надад баяр хүргэж, миний гаргасан амжилтыг Монгол Улсын төлөө байсныг мэдэж сэтгэлийн бэлэг өргөсөн олон түмэндээ би хязгааргүй их баярлаж байгаа! Монголын минь далбаа намирах бүрт түмний маань сэтгэл шингэсэн юм шүү гэж өөртөө хэлж байсанаа дурдмаар байна. Энэ хүртэл намайг үргэлж дэмжиж, үргэлж итгэл урам хайрлаж байсан нь харин Ноён Х. Баттулгат дахин баярлалаа гэж хэлье.

Мэдээгээр Саиед медаль авлаа, байраар шагнууллаа, урамшуулал авлаа л гэсэн цуурхал байхаас яг үнэн бодит байдал ийм байгааг би хэлэхийг хүссэн юм. Бусад тамирчид маань байраар шагнуулж, мөнгөн урамшуулал болон олон спонсор компанийн шагнал авч байгааг мэдээгээр үзэхэд би ч гэсэн улсынхаа иргэн нь биш билүү гэж өөрөөсөө олонтоо асууж суусаан.

Надад энэ спортын бүх эрдмийг шигтгээж байгаа ачтан маань миний дасгалжуулагч. Одоогоор Герман улсад суурьшдаг, агуу эрхэм бий. Би өөрийн олсон бүхнээсээ 20 хувийг дасгалжуулагчдаа талархал өргөж цалинжуулдаг юм. Харамсалтай нь энэ удаад надад өгөх цалин байхгүй байгаад сэтгэл гонсойж байна, миний адил Иран хүн, мөн гэрийнхэнтэйгээ холбогдож чадахгүй хүндхэн байдалд байдаг юмаа. Намайг дасгалжуулах гэж дагаж гарсан юм.

Монгол улсынхаа иргэн, Монгол түмнийхээ итгэлийг чадан ядан хамаг чин зүрхээрээ дааж хичээн зүтгэх юм шүү дээ! Тамирчин хүнийхээ хувьд өөртөө итгэлтэй, хүсэл мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр хичээх болно. Аливаа амжилт хувь хүнд маань бахдал баяр хэдий ч Зон олны итгэл бахдал гэдэг юугаар ч харьцуулашгүй үнэт зүйл байдаг гэдгийг ойлгосон. Нас залуу миний бие 29-тэйдээ Мөнгөн медалийг хүртсэн бол дараагийн Олимпод 33 настай Саиед Алтан медалийн эзэн болохын төлөө зүтгэнэ ээ! хэмээжээ

error: Content is protected !!