Д.Сумъяабазар: Яармаг толгойны өвчин болж байна

Нэгэн цагт нийслэлийн хамгийн сэлүүхэн газар байсан Нисэх, Яармаг хэдхэн жилийн дотор бетонон барилгын ширэнгэ болов. Ямар ч эмх цэгцгүй, зохион байгуулалтгүй, дэд бүтэцгүй, сургууль, цэцэрлэггүй. Хамгийн эмгэнэлтэй нь хотын төвийг чиглэсэн ганцхан замтай. Тэр нь өглөө, оройгүй түгжирч, цэвэр агаартай, сэлүүхэн, түгжрэлгүй гэж Яармаг руу нүүсэн иргэд одоо үгээ хэлж, үсээ зулгааж байна. Өглөө 06 цагт гэрээсээ гараад 08 цагийн ажилдаа амжиж ирж чадахгүй, зам дээр түгжирдэг болоод удлаа. Сургууль цэцэрлэггүй, ямар ч үйлдвэр үйлчилгээгүй, ажлын байргүйн улмаас тэнд амьдардаг хүн бүр хүүхдээ сургаж, өөрөө ажиллахын тулд хотын төвийг чиглэдэг. Ингэж түгжрэлийн сонгодог жишээ болсон Яармаг зөвхөн иргэдийн бус хотын дарга Д.Сумъяабазарын ч толгойн өвчин болоод буйг тэрбээр цахим хуудсандаа бичжээ.

Хотын дарга Д.Сумъяабазар Яармаг орчмын нэгдсэн төлөвлөлт дээр том алдаа гаргасан.Шинэ хотын төв (Land Mark) гэж олон жил хадгалж байсан газраа буруу төлөвлөж, эмх цэгцгүй болгосон. Тухайн үед хариуцаж байсан дарга нарын зах хязгааргүй шуналаас үүдэлтэй. Толгойны өвчин болж байна хэмээн жиргэжээ.

Тэгвэл хотын даргад Нисэх, Яармаг зөвхөн эхлэл гэдгийг хэлье. Үүний цаана буюу Хөшигийн хөндийд дагуул хот байгуулахаар Засгийн газрын сайд нар ярьж байна. Тооцоо судалгаа нь гарч, дэд бүтцийн ажлыг нь хийж эхэлсэн тухай ч мэдэгдэж байв. Тэгвэл тийш чиглэсэн хөдөлгөөн мөн л Яармагийн ганц замаар явна. Тэдний ачаалал нэмэгдэхээр Яармагийн замын ачаалал толгойны өвчин болоод зогсохгүй нь мэдээж. Жинхэнэ тэг зогсолтыг харуулах биз ээ.

error: Content is protected !!