Э.Цэндбаатар Монголын боксын холбооноос, монгол түмнээс уучлалт гуйн, ДАШТ-д өрсөлдөх ганцхан боломж олгохыг хүсээд байгаа билээ. Хэрвээ түүний хүсэлтийг хүлээн авбал сорил тэмцээнд түрүүлж, эрх авсан О.Тулга ДАШТ-д оролцох боломжгүй болно. Учир нь ДАШТ-д Монгол Улсаас нэг жинд нэг л тамирчин өрсөлдөх боломжтой.

Тэгвэл ДАШТ-л оролцох эрхээ өвөртөлсөн О.Тулга болон түүний багш, Алдар спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч А.Гантулга нар болж буй үйл явдалтай холбогдуулан өөрсдийн байр сууриа хэвлэлд өгсөн товч тодруулгад ийн ярьжээ.

-Э.Цэндбаатар ДАШТ-д оролцох х хүсэлт гаргаад буй. Энэ талаар О.Тулга ямар байр суурьтай байна вэ?
-Мэдэхгүй. Багш л мэдэж байгаа. Энэ талаар багшаас асуусан нь дээр. Би Алдар спорт хорооны тамирчид, А.Гантулга багшийнхаа хамт армийн дэлхийн аваргад оролцохоор явж байна. Одоо Сэлэнгэд явна.
-Хэрвээ Э.Цэндбаатарын хүсэлтийг зөвшөөрвөл та ДАШТ-д өрсөлдөх боломжгүй болно.
-Тэгнэ.
-Хэрвээ халз тулаан хийгээд та хоёрын нэгийг нь сонгохоор болвол зөвшөөрөх үү?
-Мэдэхгүй. Монголын боксын холбоо ямар шийдвэр гаргахаас л шалтгаална. Боксын холбооны шийдвэрийг л дагна.
-Э.Цэндбаатартай өмнө нь тоглож байсан уу?
-Өмнө нь хоорондоо учраа таарч байгаагүй.
-О.Тулга хэдэн настай вэ. Боксын спортоор хэдэн жил хичээллэж байгаа вэ?
-Боксын спортоор найман жил хичээллэж байна. Энэ жил 20 настай. Насанд хүрэгчдийн УАШТ-д өрсөлдөж байгаагүй.
А.ГАНТУЛГА: ЭНЭ ТАЛААР ТАЙЛБАР ӨГМӨӨРГҮЙ БАЙНА

-ДАШТ-д Э.Цэндбаатарыг оролцуулахаар шийдвэрлэвэл та зөвшөөрөх үү?
-Энэ талаар ярьмааргүй байна. Монголын боксын холбоо энэ жил ДАШТ-д оролцох тамирчдыг сорилго тэмцээн хийгээд сонгосон. Миний шавь О.Тулга 60 кг-д түрүүлж, ДАШТ-д өрсөлдөх эрх авсан. Монголын боксын холбоо ямар шийдвэр гаргахыг хүлээж байна. Мэдээж шавь минь ДАШТ-д авсан эрхээрээ оролцоосоо гэж хүсэлгүй яах вэ.