Жолоочид мэдэгдэхгүйгээр ачилт хийвэл тухайн компанийн үйл ажиллагааг шууд зогсооно гэх журам хэрэгжиж эхлээгүй

ШӨХТГ-аас автомашин ачилтын журамд өөрчлөлт оруулах асуудлаар ачилтын үйлчилгээ үзүүлдэг компанийн эзэдтэй уулзаж байсан.

Тэгвэл өчигдөр цахим сүлжээгээр ачилтын компаниуд автомашин ачихаасаа өмнө жолоочид мэдэгдсэний дараа ачилт хийх ёстой бөгөөд хэрэгжүүлээгүй нөхцөлд үйл ажиллагааг зогсоох цаашлаад иргэн гомдол гаргах эрхтэй хэмээх мэдээлэл түгсэн юм.

Энэ тухайн мэдээлэлтэй холбоотойгоор ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодруулахад:

Хууль зүй дотоод хэргийн сайдын баталсан журмын хүрээнд ачилтыг хийдэг. Тухайн журамд автомашин ачилтын компани, ачих гэж буй автомашины жолоочид урьдчилж мэдэгдэх заалт байхгүй. Журамд өөрчлөлт орж, батлагдан хэрэгжихэд мэдээж тодорхой хугацаа хэрэгтэй. Одоогоор бидэнд энэ тухай мэдээлэл ирээгүй. ТЦА-нд ямар нэг мэдээлэл очоогүй байсан. Тэгэхээр цахимаар яваа мэдээлэл эргэлзээтэй гэв.

Харин ТЦА-наас тодруулахад: Хүмүүс их асууж байна. Бидэнд тийм мэдээлэл ирээгүй байгаа гэсэн юм. Мөн Сүхбаатар дүүргийн ТЕЦ-9 ачилтын компаниас тодруулахад:

НИТХ-аар тийм санал гаргасныг л хүмүүс цахимаар шуугиад байх шиг байна. Санал хүргэнэ, батална, хэрэгжинэ гээд мэдээж хугацаа хэрэгтэй. Яг одоогоор тийм журам батлагдаад, хэрэгжиж эхэлсэн зүйл алга байна. Бидний зүгээс яригдаад байгаа журам хэрэгжихэд асуудалтай гэж үзсэн гэв.

Харин Хууль зүйн яамтай холбогдоход: НИТХ-аар яригдсан асуудал юм байна. Одоогоор ажлын хэсэг гарсан, судалгааны ажил эхэлсэн гэх мэдээлэл байна. Яг одоо хэрэгжиж эхэлсэн, батлагдсан асуудал биш гэв.

Нийслэлийн хэмжээнд 2017 оны байдлаар машин ачилтын үйлчилгээ үзүүлдэг 17 компани нийт 96 ачигч машинтай үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээлэл байдаг. Хамгийн сонирхолтой нь, 17 компанийн ердөө нэг нь төрийнх буюу ЗХУТ-д харьяалалтай бол бусад нь хувийн өмчийн компаниуд юм. Түүнчлэн нийт 96 ачигч машины 12 нь л ЗХУТ-ийнх. ЗХУТ-ын Ачиж журамлах албаны ахлах Б.Бат Манай машинууд өдөрт 1-2 машин ачиж, зөөвөрлөдөг. Тэгэхээр хамгийн ихээр тооцвол өдөрт 24 машин ачдаг гэсэн үг. Ачилтаас суутгасан төлбөр, хураамж шууд Төрийн санд төвлөрдөг гэв.

Тэгвэл ЗХУТ өдөрт 24 машин ачдаг юм бол Төрийн санд өдөрт 1.4, сард 43, жилд 518 сая төгрөгийг төвлөрүүлдэг байх нь. Харин хувийн хэвшлийн 16 компанийн 84 ачигч машины орлогыг нарийвчлан тооцъё. Эдгээр машин өдөрт хамгийн багадаа хоёр машин ачдаг бол өдөрт 10, сард 302 сая, жилдээ 3.6 тэрбум төгрөг олдог юм байна. Эндээс журмын хашааны сарын түрээсийн төлбөрт 5-8 сая төгрөг төлдөг аж.Үүн дээр журмын хашааны орлого нэмэгддэг болохыг тооцох нь зүйтэй.

error: Content is protected !!