Р.Эмүжин: Оюун-Эрдэнэ сайд аа Саранд очиж наад үлгэрээ ярь даа

Р.Эмүжин: Хөөе, галтай байна гэдэг чинь хүний анхдагч эрх юм шүү, хүүхэд ээ.

Намрын өдрүүдээр унаандаа шатахуунгүй, өвөл хаяанд ирж байхад зуухандаа түлшгүй. Хариуцсан сайд нар нь хачин гоомой, хүнд суртал нэвт үнэртсэн тайлбар тавьдаг. Иргэд ихээр нөөцлөөд байгаа болохоор л шатахууны хомсдолд орсон юм гэсэн. Гэтэл одоо Тавинбэхийн ярьж байгаагаар иргэд ихээр нөөцлөөд байгаа учраас л сайжруулсан түлш хүрэлцэхгүй байна гэнэ дээ. Энэ тайлбараас юу үнэртэж байгааг хэлээд өгөх үү? Эмч нар хуйвалдаад байгаа учраас ч жагсаал суулт болоод байна гэдэг алдарт үгийг манай нөгөө ерөнхийлөн муужруулагч аль хавраар айлдчихсан шүү дээ. Шүүмжлэл хаанаас гардаг вэ гэж эргээд асууя. Болж бүтээд, бондойтол урагшлаад байсан бол энэ хэдэн сайдыг тоож харж, тордож шүүмжлэх завтай хүн ер нь байх уу?

Эмч сувилагчдын цалин үүрч байгаа ачаалал, гаргаж байгаа эрсдлийнх нь хажууд хаанаа ч хүрэлцэхгүй, ам байтугай хамар ч тослохгүй байгаа болохоор л энэ их ажлынхаа хажуугаар суулт зарлаад байгаа юм. Бодит амьдралын бодит дүр зураг. Түүнээс биш наран дээрээс зураг авч ирчихээд сайд гуайд шаардлага тавиагүй. Унаандаа шатахуунгүй, урагшлах аргагүй болчихоод л энэ энгэрийн халтараа ч харахаа байсан Засгийн газрыг чинь шүүмжлээд байгаа юм. Арваад хоног арзайтал шатахуунд дугаарласан нь худлаа юм уу? Эсвэл Ангараг гаригаас хэдэн зураг, хэлхээтэй асуудал олж ирчихээд Оюун-Эрдэнийг шүүмжлээд байсан хэрэг үү?

Ард түмэн галдаа хийх түлшгүй, хүүхэд нялхас нь даарч зутраад, хэдэн гудамж ороосон дараалал үүсчихээд байгаа болохоор л бухимдаад байгаа юм. Сири, Конгоос түлшгүй даарчихсан хэдэн хүний зураг шүүрдэж авчраад түлээ нэхээд түнтийтэл гөрдөөд, гөжүүдлээд байгаа юм ерөөсөө байхгүй. Сайжруулсан түлшээр сонгуульдаж болохгүй ч гэх шиг. Саранд очиж наад үлгэрээ өөрсдөө ярь даа. Шөнөдөө галтай хонох гэж өдөртөө дараалалд хүүхэд хөгшидгүй хөштлөө, бээртлээ зогсож байхад ямар үхсэний чинь сонгууль? Тэр нөхөн сонгуулиар чинь нөхөөс тавиад өвөлжих юм уу?

Та нартаа л аминаас үнэтэй агшин юм байгаа биз, ард түмэнд галтай хонох нь аминд тулсан, арга ядсан асуудал болчихоод байна. Арван хүртэл амаа үдээд, орон гэртээ даарч чичрээд, осгохоос наагуур явах юм уу? Амьдралын бодит үнэн алган дээр байхад хардаггүй, ард түмнээ буруутгаад, элдвээр чичлээд, эрээн тайлбар зүүгээд урагшлахгүй ээ, Оюун-Эрдэнэ ээ. Танай Засгийн газар задарсан байна, замаа алдсан байна, өнгөн дээрээ гялгар, өрцөн дээрээ гацаатай байна. Сэтгэлгүй байна, сэрүүн зүүдлээд удаж байна. Иргэд намрын намарт түлээ түлшээ бэлтгэдэг. Анх удаа биш, амьдралын үнэн бол энэ. Гэтэл яав. Шөнөдөө хасах хэм рүү орчихоод байхад зуухандаа түлээгүй зутарч байна. Одоо тэгээд энэ хэвлэлийнхэн санаанаасаа зохиогоод, сааль савыг чинь хазайлгах гээд зориуд шүүмжлээд, олон нийт түлээ түлшинд худлаа дугаарлаад байгаа хэрэг үү?

Энүүхнийг олж харахгүй, энгэрийн микрофоноосоо бусдад анхаарахгүй, хаваржин хор найруулаад, зунжин олимпдоод, намаржин найз нөхөддөө ковидын нэрээр төсөв хуваагаад, энд ч хуйвалдааны уулзалт, тэнд ч худлаа цайллага хийгээд байхаар иймдээ тулж байгаа юм. Амьдралын үнэнээр амьсгалаатах даа, амжихгүй байгаа бол асуудлыг өөрөөсөө хайгаатах даа. Хүн төрөлхтний анхдагч эрх бол галтай байх явдал юм шүү. Гэтэл энэ эрхийг нь эрээгүй зөрчиж, эргүүлээд ард түмнээ буруутгаад ангайгаад сууж байна. Оюун-Эрдэнийн олзны хойноос уургын морь, хөгжлийн хойноос хөлийн тушаа болсон Засгийн газар энэ асуудлуудаа эрэмбэлж сурмаар байна. Галтай болоод унаанд санаархаж, унаагаа тэжээх гэж өвс тэжээлээ нөөцөлж ирсэн анхдагч мөн чанартаа ахиад эхнээс нь суралцчихаад ард түмэн удирдах гээд үз дээ! Ард түмнийхээ анхдагч эрхийг МАН-ын Засгийн газар зөрчөөд байна, зөрчүүлээд л байх уу?

error: Content is protected !!