Э.Цэндбаатарт ДАШТ-д Киргизстан улсын нэрийн өмнөөс тоглох санал тавьжээ

Киргизстанаас Э.Цэндбаатарыг ДАШТ-нд өөрийн орны нэрийн өмнөөс тоглох санал тавьжээ. Ингэхдээ түүнд тэмцээнээс өмнө иргэншил өгч, ДАШТ-ний 60 кг жинд оролцох нөхцлөөр хангахаар болсон байна.

Эх сурвалжийн мэдээллээр түүнд сарын 15 сая төгрөгийн цалин, унаа, байраар хангах санал тавьсан байна. МУГТ Э.Цэндбаатар уг саналд одоогоор хариу өгөөгүй гэв. 

Одоогоор жүдогийн тамирчин Г.Отгонцэцэг Казахстаны иргэншилээр дэлхийн тавцанд өрсөлдөж байгаа юм. Харин буудлагын тамирчин Д.Мөнхбаяр Германы нэрийн өмнөөс ДАШТ, олимпод оролцож байсан юм.

Э.Цэндбаатарын ээж Г.Болормаагаас тодруулахад Би ийм мэдээлэл сонсоогүй. Анх удаа л сонсож байна. Хүмүүс янз бүрээр л бичдэг шүү дээ гэлээ. Хэдийгээр ээж нь дээрх мэдээллийг өгсөн ч Киргизстанаас Э.Цэндбаатарт санал тавьсан гэдэг нь үнэн бололтой. 

Монголын боксын холбооноос тодруулахад Ийм мэдээлэл гарсныг чамаас л сонсож байна. Тамирчнаа болгоё гээд болгочих асуудал биш. ДАШТ-д Киргизстаны нэрийн өмнөөс оролцохын тулд иргэншлээ солих шаардлагатай. Киргизстаны боксын холбоо манайд ямар нэгэн санал тавиагүй. Энэ талаар бидэнд ямар нэгэн мэдээлэл алга гэв.

МУГТ Э.Цэндбаатарын хувьд тэрбээр өнгөрсөн ням гарагт сорилго тэмцээнд оролцон ДАШТ-ны эрхийн төлөө өрсөлдөхөөр товлосон байсан ч үүнд оролцоогүй бөгөөд энэ талаараа өөрийн цахим хуудаснаа дараах бичвэрийг оруулсан.

60 кг бол миний үндсэн жин. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан. Тийм дээ ч бэлтгэлээ маш сайн хийсэн. Жиндээ орсон. Гэхдээ л бүх зүйл санаснаар болсонгүй ээ. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа гэжээ.

Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд ДАШТ-нд оролцох тамирчныг тодруулахын тулд сорилго тэмцээнд ялсан Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга болон Э.Цэндбаатар нарын хооронд тулаан явуулахаар шийдвэрлэсэн.

Үүн дагуу сорил тоглолт өнөөдөр буюу аравдугаар сарын 3-нд 13:00 цагаас Эрдэнэтийн Сэлэнгэ баазад болох товтой байсан юм.

Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу сорил тоглолтод оролцох тамирчид өнөөдөр өглөө 07:00-08:00 цагийн хооронд жингээ үзүүлэх байсан ч О.Тулга цагтаа жингээ үзүүлж 59.9 кг-аар жиндээ орсон. Харин МУГТ Э.Цэндбаатар жингээ үзүүлээгүй гэж Боксын холбооноос мэдэгдсэнээр О.Тулга Монгол улсаа төлөөлөн ДАШТ оролцохоор болсон билээ.

error: Content is protected !!