Энжи: Би ядаргаанд орсноос болж судас хагарах өвчинтэй болсон

Boom boom дуугаараа олон мянган хүүхдүүдэд танигдсан бяцхан Энжи охин судас хагарах өвчнөөр багагүй хугацаанд шаналт хэвтрийн дэглэм хүртэл сахиж байсан талаараа хоёр жилийн өмнө ярьж байжээ. Харин тэрбээр уг өвчнөө ялж өдгөө бүрэн эдгэрч эргээд уран бүтээлдээ орсон байна.

Энэ тухай Энжи: Би ядаргаанд ороод судас хагардаг өвчинтэй болсон. Тэр нь болохоор нэг л гишгэх юм бол улаан юм тодроод дээшлээд явчихдаг. Хэрвээ бэлхүүс хүртлээ явчихвал хагалгаанд хүртэл орох хэмжээний хүнд өвчин байсан юм билээ. Би тэр үед гэхдээ аймар сонин хоол иддэг байсан ш дээ.

Гурил ч үгүй, давс, амтлагч юу ч байхгүй. Зүгээр л ус, мах хоёр. Заавал тэгж идэх ёстой гээд ямар ч амтгүй хоол иддэг байсан. Хүүхдийн баяраар агаа аниа нар баяраа тэмдэглэх гээд бүгд явчихсан. Би өөр нэг эгчтэйгээ хоёулхнаа гэртээ хар шөлөө уугаад үлдсэн. Тэр их муухай юм байна лээ. Миний нулимс цийлэгнээд уйлах гээд байсан. Энэ өвчин бол ядаргаанаас л болсон гэсэн.

Хэсэг хугацаанд би хэвтрийн дэглэм сахисан. Бас 2 жилийн хугацаанд чипс, кола, шарсан төмс гэх мэтийг идэхгүй гам барьсан. Над шиг адилхан ийм судас хагарах өвчинтэй хүүхдүүд байвал дэглэмээ л сайн бариарай. Хүүхдийн баяраар чи баярлаж чадахгүй ч дахиад 6 сарын 1-н удахгүй болох учир гамаа сайн барих хэрэгтэй шүү гэдгийг хэлмээр байна. Би ам бүл 5-уудаа амьдардаг. Аав, агаа, би, ээж, тэгээд Бооёо.

Намайг уран бүтээл хийхэд гэрийхэн маань ч их дэмждэг. Харин дэмждэг байгууллага нэг ч байхгүй. Миний нэг клип хамгийн багадаа 20 саяар бүтдэг. Энэ гэхдээ хамгийн багадаа. Ийм өвчин туссан байх үедээ би Momo land хамтлагийн Boom Boom дууг их сонсох дуртай байсан юм.

Манай агаа аниа агаа хоёр хэрвээ чи дэглэмээ сайн бариад эдгэчих юм бол энэ дууг чинв тасархай хийж өгье гээд би тэрнээс хойш дэглэмээ сайн барьсан. Тэгээд л тэр дууг гаргаж байсан даа.

Манай агаа, аниа хоёр тэр бүх мөнгийг гаргадаг. Тийм болохоор би агаа аниа хоёрынхоо ачийг хариулахыг тулд сайн хичээх ёстой гэж боддог. Яагаад гэвэл надад тийм их тусалж байхад би илүү сайн байж, илүү мундаг хүн болох ёстой гэж бодож байна. Хэрвээ миний дууны үзэлт их байвал манай агаа аниа хоёр маш их баярладаг. Ер нь од болохын тулд хичээл зүтгэлтэй шантрахгүй байх хэрэгтэй.

Хэрвээ таныг нэг хүн муухай байна, авъяасгүй байна гэдэг ч юм уу тэгж муулж байна гэж бодъё. Тийм тохиолдолд сэтгэлээр унаж болохгүй. Яагаад гэвэл чи хийх ёстой юмаа тултал нь хийсэн болохоор тэр хүн чамд атаархаж байгаа юм.

error: Content is protected !!