Дэлхийн мисс-т Монгол улсыг төлөөлөх А.Бөртэ-Үжин

Өнөө жилийн Дэлхийн мисс тэмцээн АНУ-д арванхоёрдугаар сард болно. 123 орны мисс өрсөлдөх тус тэмцээнд Монголоос эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч тодорчээ. Энэ удаагийн Дэлхийн мисс-т А.Бөртэ-Үжин өрсөлдөхөөр болсон байна.

Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн тэрбээр Англи, Япон, Герман, Хятад хэлтэй. А.Бөртэ-Үжин нь мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтууд хийсэн туршлагатай.

Дэлхийн мисс-д амжилттай оролцсон Монголын миссүүд

Дэлхийн мисс-ийн тэмцээн бол олон улсын гоо сайхны тэмцээнүүдээс хамгийн нэр хүндтэй тэмцээн. Анх 1951 онд Их Британийн Эрик Морли зар сурталчилгааны байгууллага зохион байгуулснаас хойш тив, дэлхийн тэмцээн болтлоо өргөжсөн гэдэг. Тэгвэл энэхүү нэр хүндтэй олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, амжилт гаргаад буй мисс бүсгүйчүүдээ танилцуулья.

Монгол Улс анх 2005 онд Дэлхийн мисс-д оролцсон эхэлсэн бөгөөд тухайн үед загвар өмсөгч, мисс Б.Хонгорзул эх орноо төлөөлөн оролцсон юм. Харин 2006 онд Э.Сэлэнгэ, 2007 онд Г.Оюунгэрэл, 2008 онд Ч.Ану, 2009 онд Б.Батцэцэг, 2010 онд А.Сарнай, 2011 онд Ө.Буянхишиг нар оролцож байжээ.

МИСС Х.БАЯРМАА

Өвөрмонголын Ордос хотноо зохион байгуулсан 61 дэх удаагийн Дэлхийн мисс-2012 тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс Х.Баярмаа оролцож байжээ. Түүнийг Монгол Улсын гавьяат жүжигчин С.Өлзийхүүгийн охин гэдгээр нь сайн таних биз. Тэрбээр авъяаслаг мисс тэмцээний шилдэг 15 бүсгүйн тоонд багтаж байжээ.

Мисс Х.Баярмаа Miss Mongolia-2012 тэмцээнд оролцон шилдгээр шалгарч, дэлхийн 122 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлджээ.

МИСС С.ПАГМАДУЛАМ

Гоо сайхны олимп гэгддэг 63 дахь удаагийн Дэлхийн мисс-2013 тэмцээн Индонези улсын Бали арал дээр болсон. Энэ тэмцээн нутгийн оршин суугчдын эсэргүүцэл дор бараг хаагдмал шинжтэй болсон ч Филиппин улсын мисс Меган Ян титмийн эзэн болсон.

Энэ тэмцээнд манай улсаас 22 настай С.Пагмадулам оролцсон юм. Тэр 2011 онд болсон Miss tourism international-д Монголыг төлөөлөн оролцож, шилдэг 15-д багтснаас гадна Авьяаслаг мисс болж байсан бүсгүй.

МИСС Б.БАТЦЭЦЭГ

Дэлхийн эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон 64 дэх удаагийн “Дэлхийн Мисс-2014” тэмцээнд манай улс 10 дахь гоо бүсгүйгээ илгээжээ.

Английн нийслэл Лондон хотноо арваннэгдүгээр сард зохион байгуулсан гоо сайхны олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох хүндтэй үүргийг мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг хүлээсэн байдаг.

 МИСС Н.АНУ

Miss Mongolia 2015 тэмцээний тэргүүн миссийн титмийн эзнээр Намшир овогтой Ану тодорч,  БНХАУ-д зохион байгуулсан 65 дахь удаагийн Дэлхийн мисс-2015 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байжээ.

Мөн тэрбээр тухайн ондоо Японы Окинаво хотноо болох Miss International-2015 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж, дэлхийн өнцөг булан бүрээс нийт 81 мисс бүсгүйчүүд өрсөлдсөнөөс 13 дугаар байрт шалгарсан юм. Мисс Н.Ану нь Говь компанийн нүүр царай болж, дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнийг нь сурталчлах болсон төдийгүй загварын тайзнаа нэлээн амжилтуудыг гаргаж байжээ.

МИСС А.БАЯРЦЭЦЭГ

Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг Дэлхийн мисс-2016 тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо болж, дэлхийн 119 орны гоо бүсгүйчүүд авьяас чадвар, ур ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг Монгол Улсын түүхэнд байгаагүй амжилт гаргаж, шилдэг 11-т багтаж чадсан юм. Харин 65 дахь удаагаа зохион байгуулагдсан Дэлхийн мисс-ийн титмийг Пуэрто Рико улсын мисс Стефани Дел Валле хүртсэн байдаг.

Мөн тэрбээр үндэснийхээ бүжгийг бүжиглэн сонирхуулснаар авьяасын үзүүлбэрээрээ шилдэг аравт шалгарч чадсан билээ.

МИСС Ц.ЭНХЖИН

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон 67 дахь удаагийн Дэлхийн мисс-2017 тэмцээн БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотноо болж өндөрлөсөн. Дэлхийн 118 орны гоо бүсгүй өрсөлдсөн энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Цэвээндашийн Энхжин амжилттай оролцож, шилдэг 15-д шалгарч чадсан билээ. Монголын гоо бүсгүй Мультимедиа миссээр тодрон, Head to head challenge шалгаруулалтад багаасаа тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн юм.

Үүнээс гадна Ц.Энхжин Зорилго бүхий гоо үзэсгэлэн буюу шилдэг хүмүүнлэгийн төслийн шалгаруулалтад шилдэг 20-д шалгарч, Монголын гоо бүсгүйчүүд тив дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж буйг батлан харуулсан юм.

МИСС Э.ЭНХРИЙМАА

Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 68 дахь удаагаа тодруулах Miss World- 2018 тэмцээний финалын шатны шалгаруулалт арванхоёрдугаар сарын 08-нд БНХАУ-ын Саньяа хотноо болж, өндөрлөсөн.

Miss World-2018 тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох  гоо бүсгүйгээр 20 настай Э.Энхриймаа тодорсон билээ. Тэрбээр Орхон аймгийн харьяат, Санхүү эдийн засгийн их сургуульд олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг, орос, англи хэлтэй. Мөн өнгөрөгч 2018 оны долдугаар сард Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ”холбооноос зохион байгуулсан Монголын сайхан бүсгүй-2018 тэмцээний тэргүүн миссээр шалгарсан мисс бүсгүй юм.

Мисс Э.Энхриймаагийн бэлэг дэлхийн 120 гаруй гоо бүсгүйн бэлгэ дундаас шилдгээр шалгарч, дуудлага худалдаанд орж байжээ. Энэ нь манай улсын мисс Энхриймаагийн оноонд нэмэр үзүүлсэн бөгөөд дуудлага худалдаанаас олсон орлогыг ө н чин хүүхэд, ядyyс, өвчин зoвлонтой хүмүүст туслах зэргээр хүмүүнлэгийн үйлсэд зарцуулдаг байна.

МИСС М.ЦЭВЭЛМАА

Дэлхийн мисс тэмцээний 69 жилийн түүхэнд Монгол улсаа төлөөлөн дөрөв дэх удаагаа амжилттай оролцож, шилдэг 40 орны гоо бүсгүйн тоонд багтлаа. Мөн түүнчлэн мисс бүсгүйн санаачилсан элэгний өвчлөлийн эсрэг Эрүүл Монгол – Эрүүл Дэлхий төсөл Зорилго бүхий гоо бүсгүй гэсэн шалгуурт анх удаа шилдэг 10-т багтсан нь түүний онцлох амжилт юм.

Мисс М.Цэвэлмаа нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг эмч мэргэжлээр төгссөн бөгөөд Монголын сайхан бүсгүй-2018 уралдааны есөн эрдэнийн өргөмжлөлт бүсгүйчүүдийн Мөнгөн эрдэнэ-ийн өргөмжлөлийн эзнээр тодорч байжээ.

Мисс бүсгүй М.Цэвэлмаа дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн Авьяас номинацид топ зургаа, Head to head challenge Group дөрвөн ялагчийн нэг, Multimedia төрлийн топ гуравт, Зорилго бүхий гоо сайхан топ 10 гэсэн амжилтуудыг үзүүлэн Монгол Улсын амжилтыг шинэчлэн тогтоолоо.

error: Content is protected !!