ШҮДНИЙ ДАГИНА Мисс Б.Бадамцэцэг Хэнтий аймагт ажиллаж, 210 хүүхдийн шүдийг эмчилжээ

Шүдний эмч Б.Бадамцэцэгийн санаачлагаар Монгол улсын алслагдсан аймаг сумдын иргэдийн амны хөндийн өвчлөлийг бууруулах зорилготой Шүдний эрүүл мэнд боловсролын үндэсний сан ТББ /National Dental Health and Education Foundation/ албан ёсоор байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.


Энэхүү сан нь амны хөндийн үзлэг, оношилгоо, эмчилгээ болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалт гэсэн хоёр чиглэлийг дагнан үндсэн үйл ажиллагаагаа явуулах аж.

Сангийн эхний үйл ажиллагааг Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд зохион байгуулж, тус сумын 210 хүүхдийн шүдийг эмчилсэн байна.

Тодруулбал, Аравдугаар сарын 8,9-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд таван эмч, дөрвөн сувилагч тэргүүтэй, нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллажээ.

Ингэхдээ 3-16 насны 200 гаруй хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, шаардлагатай эмчилгээг хийсэн байна. Ингэснээр тус сумын хүүхдүүдийн амны хөндийн өвчлөлийг 30 хувиар бууруулсан бодит үр дүнг гаргаж ажилласан юм.

Жүжигчин, мисс Б.Бадамцэцэг мөн өөрийн төрсөн өдрөөрөө хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчилдэг уламжлалаараа олноо мөн ихээхэн танигдсан нэгэн билээ.

Шүдний дагина гэгддэг эмч Б.Бадамцэцэг энэ жил дөрөв дэх жилдээ төрсөн өдрөө хүүхдийн шүд эмчилсэн. Энэ жилийн тухайд тэрбээр гурван эмнэлэгтэй хамтран 150 гаруй бага насны хүүхдийн шүдийг эмчилж, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгчээ. Түүний хувьд төрсөн өдрийн өмнө өөрийн цахим хуудастаа зараа түгээн 150 хүүхдээ сонгон эмчилсэн юм.

error: Content is protected !!