Дуучин Нара: Ээжийгээ уйлж байгааг харахаар аймар сонин мэдрэмж төрдөг байсан

Ээж маань залуудаа гоё хүүхэн байсан. Би л гэж нэг дэнхийсэн юм гарч ирээд…

Дуучин Нара маань 25-р суваг телевизийн Ижий минь нэвтрүүлгээр ээж Эрдэнэчимэгийн хамтаар оролцсон юм. М.Нарантуяа: “Манай ээж чинь их сайхан хүүхэн бий. Ерөнхийдөө урлагийн хүн болоод ч тэр юм уу үеийнхэнээсээ хамаагүй овор багатай харагддаг. Найзууд нь ч тэгж магтдаг, би ч гэсэн харахаар тийм харагддаг. Манай ээжийг төрүүлсэн ээж Намдаг гээд Өвөрхангайн Хужиртийн хүн байдаг.

Одоо бол цав цагаан үстэй сайхан буурал байгаа л даа. Ээж маань Намдаг эмээгийн гуравдахь охин байхгүй юу. Эмээ маань гурван хүүхэдтэй, нөхөргүй байсан байгаан.

Маш олон хүмүүс эмээд маань хэлдэг байсан байгаа юм. Бага охиноо хүнд өргүүлчихээ, тэнд аягүй сайхан хүмүүс хүүхэд өргөж авна гээд байж байгаа гээд. Аав нь багш, ээж нь хүний их эмч. Наваан, Цэвэлмаа гээд эмээ өвөө маань ээжийг маань 2 настайд нь өргөж авсан юм байгаан. Ээжийн маань төрсөн ээж 5 хүүхэд төрүүлсэн байгаа юм. Тэгээд яг 3 дахь охиноо хүнд өгчихсөн.

Хүмүүс чинь эргээд өнгөрсөнөө ярьдаг шүү дээ. Тэгээд эргээд ярихдаа би хамгийн сор болсон охиноо хүнд өгчихсөн гэж харамсаж ярьдаг. Гэсэн ч ээж маань хоёр ээжтэйгээ яг л адилхан байдаг.

Залуудаа яг над шиг л гээд байгаа юм ээж маань. Сэтгэлдээ жүжигчин болно гээд. Багшийн дээд кинодрамын анхны анги гэдэг юм билээ. Манай ээж чинь намайг бодвол жижигхэн, аймар туранхай, хүмүүс аймар гайхдаг байсан гэсэн. Яаж энэ хүнээс 5-ийн 5 хүн гарсан юм бол сүүлийнх нь бүр хоёр ихэр гээд гайхдаг гэсэн. Байрны эгч нар маань аймар гоё хүүхэн гээд л. Би л гэж нэг дэнхийсэн гарч ирсэн гээд бодохоор л.

Би санадаг юм ээжийн маань сургуульд жүжигчин Очирбат гуайн Оюун, Ааяа эгч нар нэг өрөөнд байдаг байсан. Жүжигчний 3 талтай толь, ширээн дээрх будагнууд бүгд л гоё санагддаг байлаа. Хүүхэд залуучуудын театртай хүүхэд нас маань салшгүй холбоотой байдаг юм.

Ээжийн “Нэр төр” гээд хоёр ангитай телевизийн жүжиг байдаг юм. Тэр үеийн амьдралыг харуулсан. Ээжийгээ телевизээр уйлж байгааг харахаар аймар сонин мэдрэмж төрдөг байсан. Нэг мэдэхэд л манай ээж бүжгийн багш хийж байсан, хороо хорины нарийн бичгийн дарга ч хүртэл хийж байсан. Таван хүүхэдтэй, тэгээд нөхөртөө дэм болчих гээд янз бүрийн л ажил хийж байсан юм байна гэж би боддог.

Их залуу сэтгэлгээтэй хүнээс төрсөн болоод ч тэр үү би өөрийнхөөрөө байж чаддаг. Би гэрээсээ хамгийн их хэл таталдаг, чих халууцуулдаг нь шүү дээ. Би хичнээн тийм ч гэсэн дотроо ямар мөн чанар байдаг гэдгийг мэдэх болохоор бусдыгаа харахаад даруу төлөв яаж ийм 5 хүүхдийг тэгш өсгөж чадсан юм бол доо гэж боддог.

Нара-гийн ээж Н.Эрдэнэчимэг: Би их түүхтэй хүн гээд байхгүй юу. Намайг манай аав Наваан, ээж Цэвэлмаа гэж хүн өргөж аваад намайг өсгөж хүмүүжүүлж өдий хүн болтол маань тусласан их үрээ гэж хайрлаж өсгөсөн. Ээж маань одоо 86 тай. Миний төрсөн ээж Намдаг гэж Өвөрхангайн Хужиртын хүн байгаа. Уугуул нутаг нь Хужирт, Хархорин л доо. Одоо 88тай. Манай аав бас Жанчив гээд насаараа аймгуудын төлөвлөгөөний комиссын дарга хийж байсан. Хоёр сайхан хөгшин амьд сэрүүн, хоёр сайхан ээжийн үр хүүхэд дээ би. Аав маань маш мундаг багш байсан юм. Алгебр, геометр, физик, одон орон, цахилгаан гээд 5 хичээл заадаг.

Үнэхээр мундаг багш байсан. Миний аавын шавь нар нь сонсож байгаа бол мэдэх байх. Ээж маань эмнэлгийн хүн. Төрсөн ээж маань багш хүн. Гэтэл манай аав ээж хоёр зөөлөн хүмүүс. Би бол дураараа охин байсан байгаа байхгүй юу.

Хүүхэд байхдаа. Пионерийн ордонд явна, дандаа л тоглолт энэ тэр гээд хичээлээ хий гэхээр би концерт тоглолттой гээд л. Бригад явна. Аав ээждээ би чинь их дураараа эрх хүн. Би кинодрамд орно гэсэн бол өөр юу ч сонсохгүй. Тэр үед би орос хэлэндээ сайн байлаа. Манай аав намайг ядаж орос хэлний багш болж орос хэлний ангид орохгүй яасан юм гэдэг. Би өөр юу ч сонсохгүй. Чихээ тагласан хүн шиг л зүтгэдэг байсан.

Бурхны авралаар орсон. Тэр үед Улаанбаатар хотод кино драмд ороход 1000 гаруй хүн шалгалт өгдөг. Ажиллаж байгаа, сурсан янз бүрийн насны хүмүүс.

Би 17 той оюутан байхад манай ангид 27-той нөхдүүд орж ирж байх жишээний. Би тэгж боддог. Миний ажиллаж байх тэр үед театр маань нэг тийм оргил үе нь байсан гэж. Хүмүүс чинь театрын хаалгаар чихцэлдэж ордог, билет нь дуусчихсан байдаг. Тэр үед массыг хамарсан жүжиг их байлаа. Эр хүн, Өв Залгамжлагч гэх мэтийн жүжгүүд тавигдаж байлаа. Би бас Хайрыг Хайрла жүжигт гол дүр аваад ажиллаж байлаа. Нэр төр гээд жүжиг маань дээд гээд үнэлгээ авч байсан юм.

Очирбат гуай гээд театрын томчууд маань залуучуудаа үнэлээд энэ нөхөр чинь цаашид юм хийвэл хийчих хүн байна гээд хэлж байсанд нь үнэхээр урамшиж байсан. Би Монгол улсдаа 5 иргэнийг бий болгож өгсөн байна. Бүгдээрээ л 30 гарчихсан. Ихэрлээд л.

Намайг театрт байхад манайхан тэгдэг байсан. Манай энэ Эрка чинь 5 хүүхэдтэй шдээ гэж онцолж яриад. Би тэр үед залуу хүн байсан болохоор ичдэг байлаа. Юун сүртэй юм намайг 5 хүүхэдтэй гэж зарлаж байдаг юм гээд. Одоо бодохоор их гоё хүн болгонд тохиодоггүй хувь тавилан гэж боддог шд. Би дэлгүүрт ажиллаж үзлээ, худалдагч хийж үзлээ, хүнсний лангуу ажиллуулж үзлээ. Бүжгийн багш ч хийж явлаа.

Хороонд нарийн бичиг ч хийж явлаа. Янз бүрийн л юм хийлээ. Зах зээлийн үед бас болоогүй наймаанд явж байлаа. Тэр наймаагаа хийж байсан бол өнөөдөр нэлээн том босс болсон байх болов уу гэж боддог шд.

Намайг өргөж авсан ээж маань аягүй сайхан буурал байгаа. Би өөрөө ээждээ маш их хайртай. Миний ээж их буянтай хүн. Аягүй зөөлөн, бүр дэндүү зөөлөн. Би өөрөө эрх дураараа, залуудаа хурцдуу зантай байсан санагддаг юм. Ээж маань өөрийн юмаа хэзээ ч хүн тулгадаггүй, өөрийнхөө, залуу байхдаа эх баригч эмч байсан юм байна лээ. Дотогшоогоо хүн болохоор өөрийгөө тэгж байсан ингэж байсан гэж ярьдаггүй.

Нөмөр нөөлгөтэй их гоё хүн байгаа. Уул нь миний ээж л миний оронд зурагтаар гарвал гармаар санагддаг шд. Би ганц сайхан ахтай байсан юм. Миний ах бас аав ээж маань өөр айлаас өргөж авсан ах байгаа. Бид хоёр чинь өөр айлын хүүхдүүд нэг ээж аавтай болсон гэсэн үг. Миний ахыг хайрлаж байгаа, намайг хайрлаж байгаа нь манай ээж арай л дэндүү зөөлөн.

Эх сурвалж: 25-р суваг телевиз, Ижий минь нэвтрүүлэг

error: Content is protected !!