Нac бoл зүгээр л тoo гэдгийг харуулж буй МУГЖ A.Цэгмэд

МУГЖ А.Цэгмэд нac cүүдэp 70 гарч яваа нэгэн. Тэрбээр Нac бoл зүгээр л тоо гэдгийг харуулж буй axмaд уpан бүтээлч билээ.

Еpөнхийлөгч acан Х.Баттулга төрийн одон медаль гардуулах /2021*05-26/ үйл ажиллагааны үеэр axмaд жүжигчин, СТА, А.Цэгмэд Мoнгол Улcын Гавьяат жүжигчин цoл хүртээсэн билээ.

Түүний хувьд бүтээсэн дүр хүн бүрийн сэтгэлд хоногшсон олон бүтээлд мөнxpөн үлдсэн билээ.

Жүжигчин А. Цэгмэд Өндөр ээж, Мартагдсан дууль, Анхны яргуй тэргүүтэй дал наяад оны уран сайхны кинонууд, Ану хатан, Улаан дөрвөлжин, Оюутны нууц амраг, Хунгийн сүүлчийн дуу зэрэг сүүлийн үеийн кинонууд,  Хүүхэд, залуучуудын театрын Манай сургуулийнхан, Хулчаахай, Навсай Дамба, Хайр  гэхчилэн олон арван тайз дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийн сэтгэл зүрхэнд өөрийн өвөрмөц содон орон зайгаа бүтээсэн жүжигчин юм.

Ахмад уран бүтээлчийн хөдөлмөрийн үнэлж түүнд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олгохыг уриалсан уриалга өнгөрсөн хоёрдугаар сард цахим орчинд хүч түрж байсан ч тухайн үед түүнд энэхүү цолыг олгоогүйд олон хүн сэтгэл дундуур үлдэж байлаа. Тухайн цаг үед түүнд цол олгохын уриалан энэ давалгаанд олон арван уран бүтээлчид нэгдэн бичиж байв.

Гэрт маань зочин ирэх гэж байхад орцны үүдэнд хог байгаа нь таагүй санагдаад… хэмээн орцныхоо үүдэн дэх хогийг цэвэрлэж зогссон МУГЖ А.Цэгмэдийг танихгүй хүн байхгүй биз ээ. Тэрбээр бага залуудаа спортоор хичээллэж байсан, эдүгээ ч спортоо хаяагүй учраас хөнгөн шингэн гэж жигтэйхэн. А.Цэгмэд гуай Унгарт зураг авалт нь явагдсан Marco Polo кинонд амжилттай тоглоод ирсэн билээ. Үзэгчдийн сэтгэлд хоногшсон тайз, дэлгэцийн бүтээлийн чимэг болсон туслах дүрийг бүтээж, ард түмнийхээ хайр, хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин А.Цэгмэдийн гэрт зочилж, энэ бүтээлд тоглосны дараах сэтгэгдэлийг нь сонсон ярилцсанаа хүргэе.

-Төрсөн нутаг, бага нас, ээж, аавын­хаа талаархи дурсамжаас манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Завхан аймгийн Завханмандал сумын нутаг Хүнгүйн голын эрэг, Нуга гэдэг газар төрсөн хүн дээ, би. Миний ээж энэ оны тавдугаар сард бурхны оронд заларсан. Ээжийгээ би 87 нас хүртэл нь асарч, халамжиллаа. Ээждээ зориулаад одоогийн алдартай дуучдын дуулсан “Ээжийнхээ ачийг яанам бэ” гэдэг дууг өөрөө дуулж, дүү нартайгаа хамтраад клип хийлгэсэн. Саяхан би Унгарт байхдаа тэр клипээ үзээд сууж байтал ээж минь дээлтэйгээ овоо тойроод явж байгааг гэнэт хараад их цочирдсон. Үүнээс болоод сэтгэлээ онгойтол нэг өдөр уйлсан. Учир нь тавдугаар сард ээжийгээ үдчихээд сарын дараа Унгар руу явсан болохоор тэр хооронд мартагнасан байсан шүү. Тэгээд гэнэт гараад ирэхэд нь их цочсон хэрэг. Тэгэхдээ ээжийнхээ сэрүүн тунгалаг байх үеийн бичлэгийг аваад үлдсэн би ямар их азтай хүн бэ гэж дотроо бодож явдаг юм. Миний ээж жирийн л нэг малчин хүн. Би 11 нас хүртлээ эмээ, ээж хоёртойгоо хурга ишгээ хариулж өссөн. Миний хойд аавыг Аюурзана гэдэг. Би хоёр дүүгийнхээ ааваар овоглож явдаг юм. Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн аавыг Бэгз гэдэг. Бэгзийн төрсөн дүү нь Жадамбаа гэдэг хүн хоёр ах дүү хоёр байсан. Тэгэхээр дорнын их яруу найрагч Явуухулан аавтай үеэлүүд байгаа юм.

-Таныг багаасаа спорт, тэр дундаа хөнгөн атлетикийн төрлөөр хичээллэж байсан шаггүй тамирчин гэж сонссон юм байна?

-Би 4, 5 настай байхдаа л бие маань чилээд, хөлөө толгой дээгүүрээ давуулмаар ч юм шиг, элдэвлэдэг байлаа. Малаа хариу­лаад талд явж байгаа хүн чинь юу эсийг хийх вэ. Би одоо санадаг юм. Ер нь л бага байхдаа их олби оготно шиг хүүхэд байсан байгаа юм. 1954 онд улсын циркийн уран нугараач Мажигсүрэн тэргүүтэй урлагийн бригад манай суманд ирж тоглох үед уран нугарч буй хүнийг анх удаа нүдээрээ харж, ингэж болдог юм байна гэж санаа аваад энд тэнд нуугдаад л нугардаг байлаа. Тэгэхэд эмээ, ээж хоёр маань намайг Энэ их хачин, босоо ороолон шиг хүүхэд гээд, ийм юм хийж болохгүй, босоо ороолон л ийм зүйл хийдэг юм гээд их хорьдог байсан юм. Тэр битгий хэл миний ээжийг алс хол сургуульд явъя гэхэд нь Оросууд ачаад явчихаар ээж, аавыгаа чи хэзээ ч үзэхгүй” гээд авч үлдээд, малчин болгочихсон юм шүү дээ. Тэгээд 1955 онд аймгийн I арван жилийн босгыг алхаж байлаа. Гарын таван хуруу-ны Шагдарт тоглодог Лхасүрэн манай ангийн дарга байлаа. Одоо их мундаг явж байгаа, улс эх орондоо хүчээ өргөөд явж байгаа олон алдартантай нэгдүгээр ангид хамт сурч байлаа. Тэр хэдтэйгээ сурч байгаад, 1958 онд ээж маань намайг аваад Улаанбаатар хотод нүүж ирээд Усны гудамжинд суурьшсан.

Үүнээс хойш хэдэн удаа ийш тийшээ нүүснээ тоолж үзэхэд, ээж бид хоёр 1958-1990 оны хооронд нийтдээ 32 удаа нүүж, суурьшсан байдаг юм билээ. Одоотой адил газар эзэмших юм байсангүй. Айлын хашаанд гуйгаад л 30 төгрөг төлөөд л амьдардаг байлаа. Тэгээд сүүлд манай хоёр дүү байр сууцтай болоод ээжийгээ аль болгон нүүрс түлээтэй хутгалдуулах вэ гээд байранд аваачсан чинь ээж маань Гэртээ ажлаа хийж байх минь жаргал байж, энэ байранд зүгээр суух чинь харин зовлон болж байна гэж байсан юм. Тэгээд нүүх болгондоо өөр сургуульд сурч байсан. Ингээд хамгийн сүүлд 14 дүгээр сургуульд ирээд, аравдугаар ангиа төгссөн. Энэ үедээ дуулна, шүлэг уншина, бас болоогүй хөнгөн атлетикийн тэмцээнд оролцдог.

-Бүх юманд л орж явдаг их сэргэлэн хүүхэд байжээ?

-Ер нь л бага байхдаа их олби оготно шиг хүүхэд байсан байгаа юм. Нэг дурсамж хуваалцахад, манай сургууль Зэлтэрийн сангийн аж ахуй руу сурагчдаа явуулдаг юм байна. Би тэгэхэд нэг жаахан биетэй хүүхэд байсан болохоор тогооч болгочихдог юм байна. Тэгсэн хоолоо хийж чаддаггүй, холион бантан хутгалаа гээд бухал хийгчээр томилов оо. Бухал хийгч хийсэн чинь бээлий байхгүй, хамаг гар хуруу нь сөрөөд хагараад, хөх түрүүнд хазуулаад халуураад хөгийн амьтан байж байхад миний ээж дугтуй дотор 25 төгрөг хийгээд, шуудангаар явуулсан байдаг юм. Тэгсэн бараг сарын дараа Зэлтэрийн сангийн аж ахуйн төв дээр бүх бригадууд цуглаж, спартикиад болдог юм байна. Тэнд очоод уртын харайлт, өндрийн харайлтад түрүүлээд гурав, таван төгрөгөөр шагнуулчихаад найз нараа дайлж байсан чинь ээжийн минь явуулсан мөнгөтэй захиа маань ирж, баяжиж байлаа шүү дээ.

Ингэж явсаар Гимнастикийн шигшээ багт орж, спортын мастер болох замналаа тавьсан даа. Манай сургуулийн гурван охин энэ шигшээд орсны нэг нь би байсан юм. Бидний багш, дэслэгч Дэмбэрэл гэдэг хүн Алдар нийгэмлэгийн зааланд анх III, II зэргээр хичээллүүлээд, манай нийгэмлэг дандаа алтан медалийг авдаг байлаа. Тэгээд I зэрэг авахын өмнө Алдар нийгэмлэгийн алт аваад байгаа хүүхдүүдийг СТО-ны дэргэдэх шигшээ багийн дасгалжуулагч Норов багш онилоод, хичээлийнхээ хажуугаар улсын шигшээ багийн II баг буюу I багийн тамирчин ямар нэг байдлаар тэмцээнд оролцох боломжгүй үед нөхөх бэлтгэл тамирчинаар авлаа гэсэн юм. Хичээлийнхээ хажуугаар бэлтгэлээ хийгээд, сард 150 төгрөгийн цалин авдаг боллоо. Би тэр үед ухаан алдатлаа баярлаж байсан даа.

-Шигшээ багийн тамирчин болчихоор улсаа төлөөлж, олон улсын тэмцээнд оролцох хэрэг гарна биз?

-Тухайн үед манайд гимнастикийн спорт дөнгөж эхэлж байсан болохоор манай улс 50 гаруй улсын дараа жагсдаг байлаа. Миний багш тэр суурь үндсийг тавьж өгсөн хүн байгаа юм. Бид Унгарт болсон нөхөрлөлийн тэмцээнд явахынхаа өмнө бэртээд, тэр үед хянагчаар явсан юм. Тэр үед тэмцээний бэлтгэлд явж байхдаа хүүхдүүдийнхээ аавтай танилцаж, тэр маань намайг мотоциклиороо хүргэж өгөх гэж яваад осолд ороод бэртчихсэн юм. Тэгээд багшдаа их загнуулсан. Тэгээд Унгарын тэмцээнээс буцаж ирээд, Мексикийн олимпийн бэлтгэлд гарч, долоон эмэгтэй тамирчин бэлтгэлээ хийж эхэлсэн.

Тэгсэн чинь би бэртэлтэй учраас надад нэг сарын амралт өглөө. Биднийг амрах үед маш нарийн шаардлага тавьдаг байсан юм. Гэтэл би тэр шаардлагыг зөрчиж, сахилга алдан хөл хүнд болчихсон. Ингээд жирэмсэн хүн яаж олимпод оролцох вэ, багш, багийн тамирчдаасаа тас нуугаад л яг л хулгай хийсэн хүн шиг зугтаж байсан. Одоо бодоход ичиж үхмээр явдал шүү. Яг тэр үед Р.Доржпалам найруулагч намайг Өндөр ээж киноны бага эмчийн дүрд тоглуулахаар сонгосон нь их завшаан болсон доо.

-Уран бүтээлч болсноосоо хойш нутагтаа очсон уу?

-1987 онд Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байхдаа Ч.Нацагдоржийн зохиол Сүүлчийн үдэлт жүжгийн аавдаа хаягддаг эрэгтэй хүүхдийн дүрийг бүтээсэн. Тэр үед миний нэрэмжит тоглолт Завхан аймгийн Завханмандал суманд болоход тэнд цугласан хөгшчүүд Хөх Чулууны үр сад хэмээн хүндэтгэн хүлээж авсан. Тоглолт тараад гараад ирсэн чинь тэд маань тавагтай идээ, тараг ааруулаа барьчихсан хүлээж байсан. Агуу сайхан урлагийнхаа буянаар Монгол Улсынхаа бүх нутаг дэвсгэрээр явж, үзэгч түмэнтэйгээ уулзсан байдаг юм.

Гэтэл одоогоос хоёр жилийн өмнө Завхан аймгийн Завханмандал сумын Засаг дарга ойн арга хэмжээнд урьсан боловч би ямар ч алдар цол гавъя шагнал байхгүй, харъяа байгууллага байхгүй чөлөөт уран бүтээлч нэртэй байсан учраас ичээд очиж чадаагүй. Одоо бол ямах зорилго байна гэхээр би нутагтаа очихдоо хүн шиг хэлэх үгтэй, хийсэн юмтай болсныхоо дараа очих ёстой гэсэн зорилго тавьчихаад байгаа. Ойрын 10 жилдээ зорилгоо биелүүлнэ гэж бодож байгаа.

-Чамайг өндөр ээжид хэлнэ дээ гээд гүйдэг бага эмчийн дүрийг бүтээхдээ хөл хүнд болчихсон байжээ. Тэгээд нөгөө олимп яасан бэ?

-Өндөр ээж кинонд тоглох 2, 3 сар бэлтгэлдээ очихгүй, надад их завшаан болж байгаа юм л даа. Тэр хугацаанд гэдэс маань нэлээд томроод мэдэгдэх шахам болчихсон байхад нь эргэж ирээд Драмын театртаа ажилласан. Энэ үед хөл хүнд гэдгээ хүмүүст хэлж болохгүй үе байсан. Тэгээд л гэдсээ жимбийтэл ороож байгаад л Гарын таван хуруу жүжигтээ тоглохын зэрэгцээ Том ахын овоохой жүжигт зургаан настай охины дүрд тоглох болсон. Л.Ванган багшийн найруулгаар тэр жүжгийг тавьсан юм. Гэтэл мэдэгдэхүйц болсон гэдсээ нуухын тулд нэлээд юм болно доо. Тэгээд гэдсэндээ хүүхэд тээчихсэн хүн чинь уначих вий гэсэн айдастай биеэ хяраад л байгаа юм.

Тэгсэн Л.Ванган багш Хүүхдэд тоглох гэж биеэ барих хэрэггүй. Хүүхэд гэдэг чинь хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдаг юм. Тэр хүслийг нь дараад байна гэсэн нь одоо ч санагддаг юм. Тэгээд жүжигтээ тоглоод явж байсан чинь нэг өдөр л Таяа даргын өрөөнд дуудаж байна гэдэг юм байна. Шагнахгүй нь тодорхой учраас ямар нэг хэрэг болж гэж бодоод л яваад орсон чинь Э.Оюун багш, Норов дасгалжуулагч нар сууж байна. Оронгуутаа л өнөөх гэдсээ тултал нь татаад, айсан амьтан зогсч байлаа. Тэгсэн Э.Оюун багш Энэ хүн чинь улсын нэр төртэй холбоотой тэмцээнд оролцох гэж байгаа юм байна. Одооноос чөлөө өгөөд, тэр бэлтгэлээ сайн хий. Багш чинь сураад ирсэн байна шүү дээ гэж хэлээд л хоёр эмэгтэй багш хоорондоо яриад л гараад явчихлаа. Би Таяа даргын өрөөнд суугаад асгартал уйлаад байх нь тэр.

Тэгсэн Таяа дарга Ийм баяртай юм болж байхад юунд нь уйлдаг хүүхэд вэ. Аль би гаръя, өрөөгөө цоожилмоор байна гэхэд нь Би жирэмсээн гэчихээд л асгаруулчихсан. Үүнээс хойш нэг их удалгүй хүүхдүүдийн маань аавыг ОХУ-д суулгахаар болоод бүх бичиг баримт жин тан болоод, багш багийн тарчидтайгаа салах ёс гүйцэтгээд явсан даа. Намайг явсны дараа нөгөө гуравт маань бас асуудал гарч, багийн маань гурван нөхөр Мексикийн олимпод оролцоод ирэхэд нь би өлгийтэй хүүхэд тэврээд л угтаж байсан юм даа.

– Эхиймаа киноны Насанжаргалын дүрд тоглосныхоо дараа шүүмж бичиж, багагүй шуугиан тарилаа шүү дээ. Таныг тоглосон киногоо шүүмжилж байхын өмнө нь ер үзээгүй. Юу таны сэтгэлийг тэгж их гонсойлгосон юм бэ?

Эхиймаа киноны тухай пост бичсэний дараа Залуу хүний анхны уран бүтээлийг харлууллаа гэх дайралт их ирсэн. Тиймээс гурав хоногийн дараа устгасан. Нэг зүйл дээр тайлбар хиймээр байна. Би тэр уран бүтээлийг харлуулж, рейтингийг нь унагаах зорилгоор пост оруулаагүй. Хайрлаж урласан дүрээ хайран болчихсон байхыг хараад харамсал төрсөн төдий. Гэхдээ би пост бичихээсээ өмнө Алдармаагаас зөвшөөрөл авсан. Нээлтийн дараа Алдармаа руу Киногоо үзлээ. Зураг авалт эхлээгүй байхад чи Эгчээ, Насанжаргал бол мөрдөнд байхад надад их тусалсан, сайхан сэтгэлтэй бодит хүний дүр шүү гэж хэлсэн биз дээ. Би энэ дүрийг яаж бодож мах, цус, нулимсаа шингээж урлалаа чи алаг нүдээрээ харж байсан. Тэгсэн миний дүр бүр утгаа алдчихжээ.

Би энэ дүрийг яаж бодож мах, цус, нулимсаа шингээж урлалаа чи алаг нүдээрээ харж байсан. Эгчийнх нь цээж давчдаад, үг дуугармаар байна. Би нэг пост оруулж болох уу гэж асуухад Та өөрөө л мэд гэж хэлсэн. Харин намайг пост бичсэний дараа манай киноны найруулагч надад баяр хүргэсэн.

Би найруулагчид Та киноныхоо нээлтэд яагаад ирсэнгүй вэ, миний дүрийг ч, уран бүтээлийг ч хамгаалах хүн нь та шүү дээ гэж бичтэл Мөнгөний мэдэлтэй хүмүүс нь мэдэх болсон тул би зориуд очоогүй юм. Миний санаа ч алга болчихсон гэсэн. Уг нь Насанжаргалын дүр их өгүүлэмжтэй байсан юм. Тэр киноны дүр дээр хэчнээн нандин, нандин юм байдаг гэж санана. Тэгсэн юу ч үгүй арчаад хаячихсан нь даанч харамсалтай. Хэрэв тэгж хасах л байсан юм бол яах гэж намайг 44 стцент тоглуулж, юуны тулд надад мөнгө төлсөн юм.

-Жүжигчин болох гараа хэзээ тавигдсан хэрэг вэ. Тамирчин байхдаа л жүжигчин байсан юм байна шүү дээ?

-Энэ бас их түүхтэй. Энэ дурсамжийг би насан туршдаа хадгалж явах ёстой. Манай ангийн анд Ж.Дашзэвэг /агуу их зохиолч/ маань түрүүлээд Драмын театрт шалгалт өгөөд орчихсон байсан юм. Гэтэл надад эхлээд Политехникийн сургуулийн хуваарь өгчихсөн байж байгаад Биеийн тамирын дээд сургуулийн хуваариар сольчихсон юм. Тэгсэн надад гэнэт эмч болох юмсан гэсэн хүсэл төрөөд сургуулийнхаа гадна гунигтай сууж байсан чинь захирал маань гараад ирдэг юм байна. Тэгээд миний хүсэлтийг сонсоод намайг сундалж давхиад Анагаахын ухааны дээд сургууль дээр ирж, Балдандорж захирал дээр дагуулаад орчихлоо. Тэгсэн Балдандорж захирал байт сурын харваагаар хичээллэдэг байсан болохоор сургуульдаа нэг шигшээгийн тамирчинтай болох нь гээд шалгалт өгөх зөвшөөрөл өглөө. Ингээд хими, орос хэлний шалгалт өгчихөөд комисс дуудахаар нь орсон чинь Чи яасан дураараа хүн бэ. Биеийн тамирын дээд сургуулийн томилолтоор хэн чамайг шалгалт өг гэсэн юм. Энэ томилолтоо аваад яв, зайл. Чамайг авахгүй гэдэг юм байна.

Тухайн үед хамгийн бага оноотой болон шалгалтад унасан хүүхэд Эрүүл ахуйн ангид ордог байсан юм. Тэр ангид ч хамаагүй оръё гэсэн чинь чамайг авахгүй гэж хөөгөөд гаргах нь тэр. Тэгээд Биеийн тамирын дээд сургууль дээрээ ирсэн чинь Норов дасгалжуулагч маань захирал дээр ор гээд орсон чинь Наад томилолт чинь хүчингүй. Чи манай сургуулийг голсон сурагтай гэж хэлэхэд нь ямар ч сургуульгүй гудамжинд үлдсэнээ ойлгосон юм. Тэгээд гэр рүүгээ харих гээд явж байсан чинь яг өөдөөс жүжигчин Д.Мэндбаяр эгч гараад ирлээ шүү. Тэгээд л би ер нь жүжигчин болбол чадах болов уу гэсэн бодол төрөөд тэр шөнөжингөө өөрийгөө тольдоод л, бодолд дарагдаад хонох нь тэр. Тэгээд маргааш нь ангийн анд Ж.Дашзэвэг маань тааралдаад, түмэн зовлонгоо тоочсон чинь Драмын театрт шалгалт өгөөд үз гэдэг юм байна.

-Дүрээ урлах гэж мах, цус, нулимсаа шингээсэн гэлээ. Үсээ хүртэл хусуулчихсан байснаас нь уран бүтээлчийн зүтгэл харагдсан?

– Урлагийн төлөө бол би үсээ хусуулахад гудайхгүй ээ. Ингэхдээ би төлбөр, ялбар ч нэхээгүй. Ер нь тийм авир надаас хэзээ ч гарахгүй. Үнэндээ хичээж тоглосон болохоор би дэндүү их харамсаад цээжээ балбаж байгаад тэр постыг бичсэн юм шүү дээ. Киногоо үзнэ гээд гоёж ирээд уйлаад гарсан. Уйлж гарснаа хаана ч дурсаагүй. Энд харин хэлчихье.

-Та завсар зайгүй зураг авалтад оролцоод, залуу хүн шиг л гялалзаж явах юм. Зарим уран бүтээлчид дүрээ ч, үнэ хөлсөө ч голоод тэр бүр хөдөлдөггүй юм шиг анзаарагддаг. Залуу жүжигчид ч Цэгмэд эгчтэй хамтарч ажиллах таатай байдаг гээд ам сайтай байдаг юм билээ?

-Би залуу хүмүүсийн уран бүтээлийг дэмжих тун дуртай. Зарим хүмүүс намайг цайны мөнгөнд тоглож, ханш унагаалаа гэдэг л юм билээ Байраа барьцаалаад уран бүтээл хийж байгааг нь хараад яаж үнэрхээд суух юм бэ. Ямар надаас тасраад мөч унах биш. Би тоглоод л өгдөг. Тэгээд ч монгол уран бүтээлчид чулуугаар хийчихсэн юм шиг бэрхшээл даадаг.

Нэг хүн найруулагч, продюсероо хийнэ. Өөрөө жүжиглэнэ, тоног төхөөрөмжөө зөөнө гээд арван гартай юм шиг л зүтгэнэ. Тийм хүмүүсийн хайрлахгүй байхын ч аргагүй шүү дээ. Гаднын уран бүтээлд бол хангамж, нөхцөл сайтай. Биед амар. Огт ондоо. Миний уран бүтээлээс хойш суудаггүй бас нэг шалтгаан бол гол дүр. Би ер нь гол дүрд л шунадаг. Өөрийгөө овоглосон нэг уран бүтээлтэй болохыг туйлын их хүсдэг юм. Энд, тэнд таарсан хүмүүс Таныг хаана харлаа л гэдэг. Ягаан Гажид гэдэг шиг дүрээрээ овоглогддог болчихвол хөдөлмөр зүтгэлийн минь хамгийн том гавьяа тэр. Тиймээс би одоо ч өөрийгөө чамласаар л яваа жирийн л нэгэн уран бүтээлч.

-Драмын театрын босго их өндөр гэдэг шүү дээ. Тухайн үед алтан үеийн­хэн байсан болохоор их л чанга байсан байлгүй?

-Тэгээд шалгалт өгөхөөр ороод л, Драмын театрын тэр том тайзан дээр зогсч байлаа. Бодвол мундагууд л сууж байсан байх. Энд тэндээс даалгавар өгөөд л, тухайн үед моданд орж байсан Хар ус нуурын шагшуурга гэдэг дууг дууллаа. Шүлгээ уншиаад, бас бүжиглэж үзүүллээ. Тэгсэн гарч бай л гэж байна. Тухайн үед Э.Оюун багш айхтар нүүрэмгий охин ирлээ, тэ­рийг авна аа гэж хэлсэн тухай Цээнямбуу эгч хэлж байсан юм. Ингэж л одоогоос 50 жилийн өмнө урлаг хэмээх их айлын босгоор 18 нас хүрээ ч үгүй жаахан охин алхаж байлаа. Э.Оюун багш надад ширээ зааж өгөөд, Д.Мэндбаяр эгчид хүлээлгэн өгснөөр их урлагийн гараа маань эхэлсэн дээ. Хамгийн анх Ч.Лодойдамбын Гарын таван хуруу жүжгийн найман настай хүү Идэрийн дүрийг бүтээж, уран бүтээлийн гараагаа эхэлж байв. Үүнээс хойш тайзны олон бүтээлд ажилласан даа. Их сайхан түүхт он жил байлаа

-1990-ээд оны үед зах зээлийн шуурга тавьж, хүмүүс мэргэжлийн аж­лаа бус ганзагын наймааг сонгосон. Театрууд ч хаагдаж эхэлсэн. Энэ үед та юу хийж байв?

-Ер нь гурван зүйл дээр миний амьдрал 360 градус эргэсэн. Зах зээлийн давалгаанд манай Хүүхэд залуучуудын театр өртөөд алга болсон. Би оршин сууж байсан орон гэрээ зальт этгээдэд алдчихсан. Бас хань ижилгүй болсон нь миний амьдралын хүрдийг өөрчилсөн. Ингээд хоёр хүүгээ дагуулаад Польш руу явсан даа. Учир нь тухайн үед гадаад паспортыг чөлөөтэй олгож байсан болохоор гадаад руу л явбал амьдрал маань сайхан болох юм шиг санасан хэрэг л дээ. Тэнд очоод надад хийгээгүй ажил байхгүй. Гэхдээ үүнийг зовлон гэж бодоогүй. Учир нь Цото Рэнбүүчигийн номд Зовлон чи надад таарч байна уу. Чамайг би яаж даван туулахыг хар чи гэж айлдсан байдаг.

Би үнэндээ яг ингэж л амьдарсан. Хүний нутагт 15 жил амьдрахдаа юу эсийг үзэх вэ. Айлын хүүхдэд аэробек заадаг, бариа засал хийж сурсан, айлын гэр цэвэрлэсэн. Ингэхдээ би муухай ажил гэж байхгүй, сайхан газрын ажил нь хүртэл сайхан гэж бодогдож байсан юм шүү. Тэр л үед зурагтаар гарч буй уран бүтээлч үеийн нөхдөө харахдаа Би ч уг нь айлын жорлон угааж явах хүн биш шүү дээ” гэж байсан ч энэ бол түр зуурынх гэж өөрийгөө хатуужуулж байсан юм. Максим Горький Амьдралын их сургуулийг төгс­сөн хүн чангардаг гэсэн байдаг. Нэг ёсондоо миний Польшид байсан 15 жил бол тав таваар хуваавал амьдралын гурван их сургуулийг дүүргэсэнтэй адил гэж би боддог юм.

-Ширээн дээр тань дээр үеийн транзистор байна. Та сонсдог юм уу?

-Надад хуучны хоёр радио бий. Жижгийг нь цүнхлээд явдаг юм. Том радио нь гэрт суурин байна. Тэгээд ч радио миний хувь заяатай их холбоотой. Миний хүүхдүүдийн аав радиогийн домог болсон уран бүтээлч. Ийм домог болсон хүний хүүхэд бас радиотой хувь заяагаа холбох ёстой гээд хоёр хүүгийнхээ нэгийг нь нэвтрүүлэгч болгосон. Тийм учраас өдөрт радио сонсохгүй байна гэж үгүй шүү дээ.

-Та хэдэн онд эх орондоо ирж, уран бүтээлдээ эрчимтэй оров?

-2008 онд би Польшоос бүрмөсөн ирсэн. Тухайн үед ээж маань зүрхний мэс засалд хоёр дахь удаагаа орох гэж байсан тул дахиж явахгүйгээр эргэж ирсэн хэрэг. Би чинь хоёр сайхан дүүтэй хүн шүү дээ. Тэр хоёр минь миний сэтгэлийг зовоохгүй, ар талыг минь дааж байсан учраас тэнд их удсан хэрэг шүү дээ. Ингээд ээж маань овоо сайхан тэнхрээд байж байтал Монголын Урлагийн ажилтны холбооны Тунгаа дарга маань над руу утасдаад ажлын санал тавьсан юм. Тэгээд Өвөрмонголд багшлах санал тавиад, би тэнд ур чадварын багшаар овоо хэдэн жил ажилласан.

Ингэж байтал Ану хатан кинонд тоглох санал ирж, тэр саналыг хүлээн авснаар Өвөрмонгол дахь гэрээгээ цуцалж, эх орондоо ирсэн. Үүнээс хойш залуу уран бүтээлчид маань надад санал тавьж, тэднийхээ ажилд хувь нэмрээ оруулсаар өнөөдрийг хүрч байна. Мөн одоо Зохиомж дээд сургуульд ур чадварын багшаар ажиллаж байна. Энэ мэтчилэн урлагтайгаа эргэж холбогдсондоо баярлаж явдаг. Намайг татаж, чангааж гаргаж ирсэн залуу уран бүтээлчиддээ маш их баярлаж явдаг.

-Энэ жил таны хувьд түүхэн жил байлаа шүү дээ?

-Өнөөдрийн хувьд бид долоогийн хоёр нь бурхан болчихлоо. Нэг нь МУГТ боллоо. Бид саяхан буюу 2015 оны тавдугаар сарын 07-нд Монгол Улсад болсон Гимнастрадо тэмцээнд оролцсон. Энэ тэмцээн бүх улс оронд болдог төдийгүй зургаан настайгаас 80 настай хүн оролцож болдог, биеийн тамирын ямар төрлөөр юу чаддагаа харуулдаг ийм тэмцээн юм. Тэгээд бид багаараа аэробек, бүжиг хосолсон хөтөлбөртэй оролцоод алтан медаль хүртсэн. Энэ он их түүхт он байлаа. Академи Авардс-аас Шилдэг туслах эмэгтэй дүр-ийн шагналыг хүртлээ, Гимнастрадо тэмцээнээс алтан медаль авлаа, дэлхийн алдарт Марко Поло кинонд тоглолоо. Их сайхан түүхт он жил байлаа.

-Унгарт очиход ямар сэтгэгдэл төрөв. Ажиллах орчин, амьдрах боломж, уран бүтээл туурвихад ямар санагдав?

-Унгарт байх гурван сар орчмын хуга­цаанд би их үр дүнтэй өнгөрүүлсэн шүү. Яруу найрагч Мэнд–Ооёо ирж, бидэнтэй уулзаж, номоо өгсөн. Унгарт байх хуга­цаан­даа уншсан зургаан номыг тэнд амьдарч байгаа иргэдээс гуйж авч уншаад өгсөн хэрэг. Эндээс явахдаа юун ном унших зав гараа аж гэж бодож очсон чинь тэр уран бүтээлчид чинь хүнийг амраахаа мэддэг, их цаг зав гаргаж өгдөг, зурагтай өдрөө ч цаг хугацаатай ажиллуулдаг. Хан­гамжийн хувьд ярих юм байхгүй. Хэдийгээр би кинонд овойж оцойсон том дүр бүтээгээгүй ч алаг нүдээрээ харж, арван хуруугаараа барьж, амтлаад ирсэн. Энэ бол ховор аз завшаан. Төр засаг­таа их баярлаж байгаагаа танай со­ниноор дамжуулан уламжилъя.

А.Цэгмэд гэдэг хүнийг онцгой болохоор нь олоод явуулаагүй байх. Миний муу хавтгай монгол­жуу царай таарсан болохоор л явуул­сан хэрэг. Бид арвуулаа явахад ганцхан хүн жүжигчин байсан. Бусад маань өөр мэргэжилтэй хэдий ч царай төрхөөрөө таарсан хэрэг. Гэхдээ Марко Поло кино­ны хоёр дүрд жүжигчдийн сонгон шалга­руулалт явуулсан чинь зохиолоос тэр хоёр дүрийг нь хасчихсан байсан. Ингээд л ард түмний хэсэгт тоглох арван хүн авсны дотор би багтсан.

-Марко Поло-д яваагүй хүмүүс гомдолтой л байсан байх даа. Өөрийг тань явлаа гэх зэрэг яриа гарсан гэж байсан?

-Би сая Монголын урлагийн ажилтны холбоон дээр очиж, даргатайгаа уулзсан чинь Б.Тунгалаг дарга маань Энэ кинонд А.Цэгмэд ямар шалгуураар яагаад явсан юм гэсэн яриа гарсан гэсэн. Тэгсэн Тунгаа маань Би чамайг л явсанд их баярласан. Яагаад явсан, ямар шалтгаан байсан нь хамаагүй. Тэр асуудал бол надад сонин биш гэж байсан юм.

-Ер нь танд хэн санал тавьсан юм бэ. Ямар шалгуур хангасан гэдгийг танд хэлсэн үү?

-Уг нь жүжигчин Н.Отгонтогос тэр арван хүний нэгээр явах уу гэхэд нь тэр маань Монголдоо кино продюссерийн албатай байгаа учраас амжихгүй гэдгээ хэлээд ямар ч дүр дээр ажиллахдаа татгалздаггүй, мөнгө төгрөгийн их багыг голдоггүй эгч олж өгье гэсэн юм байна билээ. Тэгээд тэр Марко Поло киноны продюссер надтай холбогдож, Та манай кинонд явах уу. Долоо хоногт 200 ам.доллар өгнө гэсэн. Тэгэхэд нь би шууд л зөвшөөрсөн. Үнэндээ зарчмын хувьд жүжигчин хүн өөрийгөө үнэлдэг байх ёстой гэж манай зарим жүжигчид ярьдаг.

Тэгтэл би Хамаагүй ээ, тэнд чинь үнэгүй ч хамаагүй тоглоод өгье гэсэн чинь тийм юм байхгүй гэсэн. Би бүр дэлхийн хэмжээний энэ бүтээлд тоглоно гэж сэтгэл татагдаад юу ч хамаагүй хийе л гэсэн. Тэгсэн бүр долоон дүрд хувираад, ямар ч байсан энэ кинондоо өөрийн гэсэн хувь нэмрийг оруулаад ирсэн дээ.

error: Content is protected !!