Монгол Улсын Ардын Жүжигчин, Соёлын Гавъяат Зүтгэлтэн Д.Ухнаа нac бapcaн гэх мэдээлэл ташaa гэв

Монгол Улсын Ардын Жүжигчин, Соёлын Гавъяат Зүтгэлтэн Д.Ухнаа тэнгэpийн opнoo oджээ гэх мэдээлэл гараад байгаа бөгөөд энэ нь ташаа мэдээлэл гэв

Монгол Улсын ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа гуайг на с ба рсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад буй.

Энэ талаар түүний ар гэрээс тодруулахад Амьд сэрүүн хүнийг өөд болчихлоо гэсэн худал мэдээлэл цацагдсан байна. Бид үүнд харамсаж байна гэв.

Мөн дуучин А.Түмэн-Өлзий өөрийн цахим хуудаснаа Багштайгаа ярилаа. Зүв зүгээр байна. Арай дэндүү байна шүү амьд сэрүүн хүнийг бурхан болгож бичээд ямар муухайн бэ. Та нар… гэжээ.

Тэрбээр 2017 оны Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн бөгөөд тухайн үедээ дараах яриаг өгч байв

-Юуны өмнө танд Ардын жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэнд баяр хүргэе. Төрийн дээд шагнал хүртсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Өрөөндөө сууж байтал Ерөнхийлөгчийн тамгын газраас утасдаж байна. “Ухнаа гуай танд баяр хүргэе. Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин боллоо. Ерөнхийлөгч таныг “Олон жил урлагт зүтгэн, ажилласан. Тэр хүний хөдөлмөрийг үнэлэхгүй бол болохгүй” гэж хэлсэн. Тийм болохоор маргааш өглөө 11:30 цагт Засгийн газрын ордны үүдэнд байж байгаарай” гэв. Ингэж хэлэхээр нь юу болж байна вэ л гэж бодсон. Нөгөөтэйгүүр би их урлагт 54 дэх жилдээ зүтгэж байна. Тийм болохоор Ардын жүжигчин болоход болохгүй ч юм юу байхав. Хийсэн бүтээсэн зүйлээ би өөрөө мэдэж байгаа. Олон түмэн харсан байх. Төр засаг миний хийсэн хөдөлмөрийг олж харан, дүгнэж байгаа юм байна” гэж бодсон. Миний өдийг хүртэл урлагт зүтгэхдээ урдаа тавьсан чин зорилго минь Ардын жүжигчин болох л байсан. Би аавдаа амлаж байсан амлалтандаа хүрлээ. Намайг урлагийн сургуульд ороход ээж минь эсэргүүцэж, эдийн засгийн сургуульд ор гэж хэлдэг байсан. Харин сүүлд урлагийн сургуульд ороход аав минь “Миний хүү өөрийнхөө сонирхлоороо орсон бол боллоо” гэсэн юм. Тухайн үед би аавдаа “Урлагийн төлөө сэтгэл зүрхнээсээ зүтгэж, төрдөө, түмэн олондоо танигдах болно” гэж амлаж билээ. Ижий, аавын минь буян заяа, олон түмний минь энэрэл хайр түшиж энэхүү эрхэм цолыг хүртлээ.

Мөн Монголын рок, поп урлагийг хөгжүүлэхэд зохих хэмжээгээр ажилласан. Тэр хүрээнд хамтран ажилласан олон сайхан урлагийн нөхөд, “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” чуулгынхан маань ардын цолтон болоход нөлөөлсөн байх. Миний авсан цол дан ганц өөрийн хичээл зүтгэл биш ээ. Эдгээр бүх хүмүүсийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэсэн. Ерөнхийлөгчөөсөө төрийн дээд шагнал гардан авах тэр мөчид цээж дүүрэн амьсгаа авмаар санагдаж байсан. Урлагийнхны хамгийн дээд алдар шүү дээ.

-Төрийн ордноос гараад хамгийн түрүүнд театр дээрээ очсон уу?

-Ардын жүжигчин гэсэн тэмдгээ зүүчихээд төрийн ордноос гараад шууд л Дуурийн театрын хаалгаар орж, 1960 онд анх “Учиртай гурван толгой” дуурийн “Юндэнгийн дагуулаар” анх гарч байсан тайзандаа мөргөсөн. Тэр үед “Энэ тайзан дээр гарах гэж ямар замыг тууллаа” гэсэн бодол төрж билээ. Дараа нь ажил амьдралаа эхлүүлж байсан Дуурийн театрын Найрал дууны ангидаа цэцэг бариад орсон. Тэгсэн миний сууж байсан сандал дээр нэг хүүхэд сууж байна. Тэр хүүд би “Наад суудал дээр чинь суусан хүн Ардын жүжигчин болдог юм байна шүү” гэж хэлээд цэцгээ өгсөн. Шоконд орсон уу, яасан таг дуугай гайхаад миний өөдөөс харж билээ. Ингээд намайг анги дотор бүгд хүлээн авч баяр хүргэсэн дээ. Энэ ангийн хаалгаар 1960 оны есдүгээр сарын нэгэнд хөл чичрэн анх орж ирсэн цагаас хойш өдий хүртэл урлагт зүтгэлээ. Би хөдөлмөрлөсөн байх аа. Тийм ч учраас энэхүү цолыг надад олгосон байх.

Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав багштайгаа

-Их урлагт анх хөл тавьсан үеэ дурсвал?

-1960 онд Дорноговь аймагт арван жилээ төгссөн сурагч дуучин болох хүсэлтэй нийслэлд ирж, Дуурийн театрт орохоор тэр орчмоор долоо хоног эргэлдсэн. Тухайн үед “Энэ төмөр хаалганы цаана ямар их хувь заяатай хүмүүс байдаг бол оо” хэмээн бодож байлаа. Яг долоо дахь хоногийн өглөө энэ харагдаж байгаа дөрвөн давхар улаан байрны хаалганы урд зогсож байтал (өрөөнийхөө цонхоор заав) нүдэнд дулаахан өндөр хүн гарч ирэн “Ямар хэргээр явна” хэмээн асуув. Хот хүрээ газар таних хүнгүй, хилэн цамцтай, хар өмдтэй, сурагчийн дүрэмт хувцастай хүүхэд “Ах аа би шалгуулах гэсэн юм” гэв. Тэгсэн нөгөө өндөр ах намайг хэсэг харж зогссоноо “Чи дуулдаг юм уу. За дагаад яв” гэж байна. Ингээд Дуурийн театрын хоёр давхарт одоогийн Ардын жүжигчин А.Долгорын өрөөнд ортол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Д.Лувсаншарав багш байсан юм. Тэр үед багш төрийн шагнал, хөдөлмөрийн баатар цол аваагүй байлаа. Тэгээд намайг шалгав. Би “Мандах наран” хэмээх монгол ардын дуу дуулсан юм. Шалгаруулалтад хэрхэн орж, юу хэлж, ямар байдалтай байснаа санахгүй доголон, нэг л мэдэхэд Сүхбаатарын талбай дээр алхаж билээ. Юутай ч Д.Лувсаншарав багш маргааш өглөө есөн цагт ирээрэй гэсэн. Нэг үгээр бол эхний шалгаруултад тэнцчихсэн байхгүй юу. Баярласан сэтгэгдлээ нутагт үлдсэн гэрийнхэндээ хэлэх гээд холбоон дээр очлоо. Тухайн үед ямар гар утас гэж байсан биш. Бөөн юм болж холбогдоно. “Байна уу Дорноговь, байна уу Улаанбаатар” гэж хэлээд л тасарчихдаг хэцүү байв. Маргааш өглөө ирээрэй гэсэн үгийг нь санаад тэр шөнө миний нойр хүрсэнгүй. Шөнөжингөө брюк, хорин дөрвийн цагаан цамцаа индүүдэнгээ (индүүндээ цог хийнэ) “Би ингээд орлоо гэж үү, ямар азтай юм бэ” гэж дахин дахин бодож баярлана. Ингээд өглөө эрт босож, индүүдсэн өмд, цамцаа өмсч, Улсын Хөгжимт театр буюу одоогийн Дуурийн театр руу явлаа. Есөн цагаас ир гэсэн ч би хагас цагийн өмнө очив. 1960 онд Улсын Хөгжимт театр дотроо хүүхдийн, дуурийн, драмын гэсэн гурван театр байсан юм. Гэхдээ дуурийн театрт дуурь тоглогдоогүй байсан үе л дээ. Ийм гоё театрт ормоор санагдаад манаачаас нь гуйлаа. Цагаасаа эрт ирсэн болохоор оруулахгүй гэнэ. Гуйсаар байгаад дотогшоо орж, хоёр давхрын цонхны урд очиж хүлээн зогсох зуур их гоё хувцастай, нүүрээ будчихсан, үнэртэй ус үнэртүүлсэн ах, эгч нар холхилдон алхахыг хараад “Би үнэхээр энэ газар орлоо гэж үү” гэж бодож, өөртөө итгэж чадахгүй л баярлаж билээ. Ийн бодож байх зуур найрал дууны ангийн дарга Долингорт тоглодог Норсонжав гуай “Шинээр орох гэж байгаа дагалдан хүүхэд чи юу. За ийшээ ор” гээд ангийн хаалга онгойлгов. Яваад ортол их гоё хувцастай олон хүн сууж байдаг байгаа. Хаалга онгойх чимээнээр над руу бүгд хардаг юм байгаа биз дээ. Миний нүүр улайгаад, дотор пал хийгээд л явчихлаа. Хаалганаас үүд, хоймрын хэртэй зайнд яваад хоёр хүний голд хүн суугаагүй хоосон сандал байсан юм. Тухайн үед би тэр сандал дээр яаж очиж суусан юм бүү мэд. Ингээд багш “Өвдөг дээрээ хоёр гараа тавиад нуруугаа тэгшлээд цэх суу” гэж хэлээд анхны гаам дуулуулав. Олон хүн зэрэг дуулахыг анх сонсоод ямар гоё юм бэ гэж бодсон. Ийн давтан дуулж суутал бас шинээр ирсэн бололтой, монхор хамартай залуу сууж байна. Ингээд эхний дасгал завсарлаж, суралцагч нар ангиас гарлаа. Хамгийн сүүлд би гарах гэтэл нөгөө монхор хамартай залуу “Чи шинээр ирсэн үү” гэв. Тэр хүн бол нөгөө алдарт Хаданбаатар Магсаржав кинонд тоглодог Эрдэнэбулган байсан юм. Ингэж л бид хоёр танилцаж билээ. Тэр цагаас эхэлэн өдий хүртэл тавь гаруй жил нөхөрлөж байгаа миний хамгийн дотно уран бүтээлийн найз минь юм. Тухайн үед багш нар дагалдан сурагч нарт театрын хөгжим, эд зүйлд хамаагүй хүрч болохгүй шүү гэж анхааруулдаг байв. Эрдэнэбулган бид хоёр хөгжим тоглох их дуртай. Тэр сайхан төгөлдөр хуур, бусад хөгжмийн зэмсгийн хажуугаар өнгөрөхдөө үүнийг тоглож үзэх юм сан л гэж боддог байлаа. Ингэж бодож явсаар хэдэн хоног болов. Нэг өдөр би “Эдгээр хөгжмөөр тоглож үзэе” гэж Эрдэнэбулганд хэллээ. Мань хүн “Яаж тоглох юм. Багш хүрч болохгүй гэсэн биз дээ” гэж байна. Ингээд бид хоёр театрын жижүүр өвгөнийг найрахаар боллоо. Орой ажил тарсны дараа Лодой гуайд пироник авч өгөөд, хамт цай ууж, ая тал заслаа. Тэр зуур би “Лодой гуай, бид хоёр найрал дууны анги руу орлоо. Багш нотоо харж, давт гэсэн” гэж хэлтэл “За за, тэг тэг” гэж хэлээд оруулахыг зөвшөөрлөө. Эрдэнэбулган чинь намайг бодвол хөгжимчин хүн л дээ. Аккордион их сайн тоглоно. Би бол төгөлдөр хуурын даралт дээр ганц хоёр дарж, үл ялиг ая оруулчихдаг ухаантай. Ингэж л анх хөгжимд хүрч үзэж билээ. Театрт орсноос хойш хадланд явж, жорлонгийн нүх ухаж, ойр зуурын аж ахуйн ажил л хийдэг байлаа. Ингэж явсаар арваннэгдүгээр сар гарч байтал найрал дууны Ухнаа, Эрдэнэбулган хоёроор театрын манаач хийлгэнэ гэдэг юм байна. Театрын төмөр хаалганы хажуугийн шавар амбаарт бид хоёр дах нөмөрч, буу үүрэн харуулд гардаг боллоо. Аж ахуйн дарга “Та хоёр шөнө унтаж болохгүй шүү. Улаан складан дотор театрын үнэтэй цэнэтэй эд зүйлс их бий. Хулгайд алдчихсан байваа. Хамаг юм алга болбол шоронд орно шүү” хэмээн анхааруулна. Бид хоёр манаанд гарах тоолондоо “Хэзээ жүжигчин болдог юм бол оо, хэзээ энэ мундаг хүмүүс шиг тайзан дээр гарах юм бол доо” гэж ярилцдаг байлаа. Аж ахуйн ажил өдөр болгон хийлгээд байхаар нь сүүлдээ театраас гарахаар шийдэж багштайгаа очиж уулзав. Манай багш нэрт кино жүжигчин Жамбалын Занабазар гэж сайхан хүн байлаа. Хүмүүс “Ардын элч” киноны Дарьбазарын дүрээр нь сайн мэдэх байх аа. “Багш аа, бид хоёр ерөөсөө больё оо. Жорлонгийн нүх ч ухлаа, өвсөнд ч явлаа, манаач хийлээ. Одоо гаръя” гэв. Тэгсэн багш их ууртайгаар “Суу та хоёр. Олон юм ярилгүй даалгасан ажлыг хийж бай. Угаасаа ингэдэг юм. Бид нарыг бас ийм ажил хийгээгүй гэж бодож байна уу. Үүнээс долоон дор юм хийж л байсан. Дуугүй ажлаа хий. Ирээдүйн гавьяат ч юм уу, дарга нар ч юм уу, урлагийн том хүмүүс болохыг чинь яаж мэдлээ” гэдэг юм байна. Тухайн үед гавьяат болно гэж санаанд ч ороогүй зүйлийг багш нар ярьсан болохоор “Бид хоёрыг ч мөн дopoмжилж байна даа” гэж санан инээлдлээ. Гавьяат хэмээх цолтой хэдхэн хүн л байсан цаг. Цагааны Цэгмид, Нямын Цэгмид, Цэвээнжав гуай нар шүү дээ. Энэ хэдэн хүнийг чинь хараад бypxaн шиг л санадаг байв. Тийм байхад бид хоёрыг энэ аугаа хүмүүс шиг болно гэж хэлэхэд нь итгэж чадахгүй байсан хэрэг. Ингээд бид хоёрын дагалдангийн хугацаа дуусч, шалгалт авч жинхэлсэн юм. Нэг мянга есөн зуун жаран онд улаан театрт орсноор миний амьдрал эхэлсэн дээ. Ороод долоон жилийн хугацаанд ханьтайгаа учирч, хүүхэдтэй болсон. Тэнд л би Марксизмын оройн дээд сургууль төгсөж, найрал дууны ангийн эвлэлийн үүрийн дарга болж, улмаар Дуурийн театрын эвлэлийн хорооны дарга болсон. Нөгөө муу хөдөөний Ухнаа чинь театрт дээрээсээ гурав дахь хүн болсон доо. Тухайн үед Нам, Эвлэл, Үйлдвэрчин гэсэн гурван байгууллага бүх л зүйлийг шийддэг байсан цаг. 

-Таныг Болгар улсад суралцаж төгссөн гэдэг. Өөр хаана ямар сургуулийг төгссөн бэ?

-Дуурийн театрт ажиллаж байхдаа гадаад руу урлагийн сургуульд явах юмсан гэж боддог байлаа. Тэгсэн нэг өдөр Болгарт сургуульд суралцах хуваарь ирдэг байна шүү. Ингээд шалгаруулалт боллоо. Мөн ансамблиас Гэрэлт-Од шалгуулж байна. Гэрэлт-Од чинь тухайн үедээ нийтийн дууны од байлаа. Одоогийнхоор бол С.Жавхлан л байхгүй юу. Баян-Өлгийгөөс театрт надтай цуг дагалдан хийж байсан Хавлааш. Тэгээд шалтгалт өгсөн чинь Хавлааш, бид хоёр тэнцчихдэг юм байна. Харин Гэрэлт-Од од юм чинь дуулаад тоосон ч үгүй. Ингээд байж байтал ганцхан хуваарь л байна гэнэ. Хавлааш, бид хоёр чинь долоон жил театрт хамт байсан болохоор хоорондоо сүрхий найзууд. Тийм болохоор хамтдаа явах санаатай байгаагаа Соёлын яаманд илэрхийллээ. Тэгсэн хоёр хуваарь гаргаад өглөө. Гэтэл нэг нь Москва, нөгөө нь Болгар болж таарлаа. Бид хоёр дахиад Соёлын яаманд нэг газар луу л явна гэдгээ хэллээ. Тухайн үед би Эвлэлийн хорооны дарга байсан болохоор яаманд нэр хүндтэй байлаа. Улмаар 1967 онд Болгарын Хөгжмийн дээд сургуульд хамт явж, сурсан даа. 1972 онд сургуулиа дүүргэж ирээд хожим наян онд Москва хотын Театр урлагийн дээд сургуулийн дээд дамжааг эстрад, концерт, шоуны найруулагчаар мэргэжил дээшлүүлсэн юм. 

-Та “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” чуулгатай хамт өдгөө дөч гаруй жил урлагт зүтгэсээр иржээ. Анх энэ хоёр чуулгатай урлагийн зам мөрөө холбож байсан дурсамжаасаа дэлгэвэл?

-Нэг мянга есөн зуун далан хоёр онд Болгарын Хөгжмийн дээд сургуулийг төгсч ирэх үед Улсын филармони анх байгуулагдаж байлаа. Даргаар нь төрийн шагналт, ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач Цэгмидийн Намсрайжав ажиллаж байсан юм. Тухайн үед Соёлын яаманд “Би Дуурийн театрт очихгүй. Шинэ байгуулагдсан филармонид очъё” гэж хүсэлт гаргаж билээ. Ингээд филармони байгуулагдаад анхны гоцлол дуучнаар миний бие ажилласан. Өмнө нь Улсын симфони найрал хөгжим гэж байхад анхны дуучнаар ардын жүжигчин Б.Зангад гуай ажиллаж байсан санагдана. Намайг филармонид орох үед Улсын ардын дуу, бүжгийн чуулгад ажиллаж байсан “Соёл-Эрдэнэ” хамтлаг, Радио телевизийн улсын хорооны дэргэд байсан “Баянмонгол” чуулга, Улсын симфони найрал хөгжмийг нэгтгэж 1972 оны долдугаар сарын 23-ны өдрийн Сайд нарын тогтоолоор Улсын филармони байгуулагдаж байлаа. Энэ он жилүүдээс эхлэн миний бие симфони найрал хөгжимтэй дуулж, орон нутагт урлагийн бригадаар “Баянмонгол”, “Соёл-Эрдэнэ” чуулгатай хамт явж дуулж эхэлсэн түүхтэй. Тухайн үед хөдөө орон нутгаар аялан тоглолт хийж байсан “Баянмонгол”, “Соёл-Эрдэнэ”, Симфони найрал хөгжмийн урлагийн бригадын ахлагчаар гучин жил ажилласан. Анх “Баянмонгол”, “Соёл-Эрдэнэ” чуулгын захирлаар Лхагвасүрэн, Батбаяр хэмээх хоёр хүн томилогдсон юм. Гэхдээ надад “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” чуулгыг уран бүтээлийн хувьд хариуц гэсэн намын даалгавар өгсөн. Түүнээс хойш дээрхи хоёр чуулгатай ойртон ажиллаж, хөдөө аялан тоглолт хийхдээ хөтлөн явуулж, улмаар эстрадынхантай холбогдсон түүхтэй. Би “Соёл-Эрдэнэ”-ийг ой хагастай, “Баянмонгол”-ыг хоёр “настай” байхад нь хүлээж авсан. Тухайн үед 18, 19-тэй хүүхдүүд байсан шүү дээ. Уран бүтээлүүд нь миний толгойд байдаг. Нэгэн үе “Соёл-Эрдэнэ” “Камертон” шиг л байлаа. “Баянмонгол” чуулга ч ялгаа байхгүй. Эднээр Монголын ард түмэн хэсэгтээ л хүмүүжсэн, цэнэглэгдсэн. Тэд маань бас нэгэн үеийг сэргээн босгосон анхдагч нар. 1971-1972 оны үед л юмдаг. “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” чуулгыг анх гарч ирж байхад нь хөрөнгөтний дуу дуулдаг, энэ тэр гэдэг байлаа. Хаашаа явах вэ, яах урлаг, соёл юм, хаанахын дуунууд дуулаад байна вэ, тэр чиглэл, жанр нь мөн үү, биш үү гэж хандаж байсан удаа ч бий. Тэр ч утгаараа уран бүтээлийг нь Соёлын яаманд үзүүлж, хянуулдаг байсан. Ингэж хянахыг зарим хүн эсэpгүүцдэг байлаа. Харин миний хувьд энэ их зөв зүйтэй ажил байжээ гэж боддог. Сайн уран бүтээл гаргахын тулд мэргэжлийн хүнээр сонсгож, зөвлөгөө авах нь чухал. Тийм ч учраас одоогийн залуучууд 60-70 онуудад дуулагдаж байсан ахмад хамтлагийн дуулсан дууг сэргээн дуулж байна. Орчин үеийн хөгжмийн зохиолчдын зохиосон аяыг, яруу найрагчдын шүлгийг нь голж байна. Үүн дээр дуу зохиогчид анхаарах хэрэгтэй. 1974 онд Намын төв хорооны үзэл суртлын хэлтэс, Соёлын яамны уран сайхны зөвлөлтэй хамтран “Соёл-Эрдэнэ”-ийн тоглолтыг хянадаг байлаа. Улсын филармонийн орлого, үзвэрийн төлөвлөгөөгөө биелүүлэхэд “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” чуулга асар их үүрэг гүйцэтгэсэн. Яагаад гэвэл, тэднийг хүн их үздэг. Гадаад хэргийн яамны хажуу дахь муужгайн байшин байна шүү дээ. Энд л хүмүүс тоглолт үздэг байлаа.Тоглолт болох сургаар билет нь эрт дуусчихдаг. Тоглолт эхлэх үед үзэгчдийн дунд тэм цэл өрнөдөг байв. Тэр олон мянган иргэдийг хэв журманд оруулахын тулд усаар шүршиж, цaгдаагийн албан хаагчид нохойтойгоо тэ мцдэг байлаа. Үзвэрт тэгэж их дaйрч ордгийг би анх тэгэхэд л гайхан харж байсан юм. Ингээд тоглолтын дараа удирдах зөвлөлийнхөн хурал хийлээ.“Соёл-Эрдэнэ”-ийн тоглолтыг цаашдаа яаж олон түмэнд эмх цэгцтэйхэн шиг үзүүлэх вэ гэсэн асуудал хөндөгдсөн. Гэхдээ нийгмийн зайлшгүй нэг хэрэгцээ болсон учир яаж ийж байгаад л үзүүлэх ёстой байв. “Соёл -Эрдэнэ” бол Монголын рок, поп урлагийн үндэс суурийг яах аргагүй тавьсан хамтлаг. Харин “Баянмонгол” чуулга жааз оркестрын анхдагч нь биш юм шүү. Улсын циркт 1941 онд жааз хөгжмийн хамтлаг байгуулагдсан. “Баянмонгол” чуулга долоо дахь нь шүү дээ. Өнөөдрийг хүртэл тэд ажиллаж, амьдарч, үйл ажиллагаагаа явуулж байна. Яг ийм л бүтэцтэй оркестр дэлхийд байдаг. Хаа ч адилхан. “Баянмонгол” чуулга 1983 он буюу ганцхан жилийн дотор 155 удаа тоглолт хийж байсан удаатай. Нэг сард арван удаа тоглож байжээ. “Соёл-Эрдэнэ”-ийн тухайд 1983 онд 166 удаа тоглосон. Улсын филармониор жишээ аваад үзэхэд тэр үед 566 удаа тоглож байлаа. Ингэж л ажиллаж байлаа, ийм л ачаалалтай байсан юм.Тэр цагаас хойш Монголд шинээр төрөн гарсан эстрадын олон хамтлагуудад урлаг, уран бүтээлийнх нь талаас зөвлөж, хамтран ажилласан.

-Дуучдаа аваад хот, хөдөөгүүр өдөр болгон шахуу давхидаг байсан байх. Ер нь ямаршуухан хүнд нөхцөлтэй тулгарч байв даа?

-“Соёл-Эрдэнэ” хамтлаг анх гарч ирж байхдаа “Битлз” шиг байсан. Тэдний араас “Өргөө”, “Айзам”, “Инээмсэглэл” зэрэг хамтлаг гарч ирсэн. Тус хамтлаг хөдөөд цахилгаан хөгжим гэдэг юмыг анх үзүүлсэн юм. Ер нь хөдөөгүүр явж байхад “Битлз”-ийнхэн ирсэн юм шиг суман дээр ч бужигнаад л, аймагт болохоор хаалга үүд эвдчих гээд, хүмүүс морь, мотоцикль, машинтай даган, сумаас сум дамжиж тоглолтыг нь үздэг байлаа шүү дээ. Нийтдээ 250 суудалтай танхимд япон хөгжим тавьчихаад Монголд эстрад хөгжим хөгжүүлнэ гээд л. Тэр үеийг өнөөдрийн өндөрлөгөөс харахад маш урт зам туулж, багагүй зүйл бүтээжээ. Тийм ч учраас “Соёл -Эрдэнэ” хамлагийг шинэ ба дунд үеийнхэн хүндэтгэж явдаг. Зууны манлай “Соёл -Эрдэнэ” хамтлагаас нэг ардын жүжигчин, найман гавьяат төрсөн. Ийм хамтлаг Монголд байхгүй ээ. Анхны “Алтан пянз” ч “Соёл-Эрдэнэ”-ийнх. Бас 1000-аад дуутайгаараа анхдагч нь болсон хамтлаг шүү дээ. “Шалзат баахан шарга”-ыг рок дуурь хэлбэрээр Монголд анх тоглосон. “Зургаа дөчин тав, зургаа дөчин тав” нь ч гэсэн манай анхны хип хоп дуу байхгүй юу. Миний санаж байгаагаар “Соёл-Эрдэнэ” хамтлаг нийтдээ 20-иод зүйлээр анхдагч болсон байдаг. Их ажил аа даа, энэ чинь. Тэгэхээр урлагийн түүхэнд алтан үсгээр нэрээ мөнхжүүлэх хамтлаг яах аргагүй мөн өө дөө. Энд нэг зүйлийг хэлье. Тухайн үед гарч ирсэн “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол”, “Инээмсэглэл”, “Айзам”, “Өргөө”, сүүлд гарч ирсэн “Хурд”, “Харанга” гэх зэрэг хамтлагууд их сайхан монгол нэртэй байжээ. Харин сүүлийн үед цаг өөр болоод ч тэр үү хамтлаг, дуучдын нэр гадаад нэршилтэй болсон байна. Уг нь би монгол нэртэй байлгахыг хичээсэн боловч миний охины хамтлаг “Киви” гэсэн нэртэй гараад ирдэг байгаа. Тэгэхээр нь яагаад ийм нэр өгснийг нь асуулаа. Киви жимс чинь гурван өнгөнөөс бүрддэг юм байна. Манай гурав чинь (Киви хамтлагийн гишүүд)гурван өөр царайтай охидууд шүү дээ. Мөн хамгийн амтлаг жимс, тэр ч утгаараа охидын хамтлаг учраас билэгшээсэн байх. Тэр үеэс хойш “За даа гадаад нэр тийм л хэрэгтэй байгаам байж дээ” гэж бодсон. Сүүлийн хорин жил монгол нэртэй хамтлаг гараагүй л байна шүү дээ. 

-Ухнаа гэхээр л уралдаан, тэмцээн зохион байгуулж буй дүр тань санаанд буудаг шүү. Өнөөдрийн энэхүү өндөрлөгөөс эргээд харахад урлагийн төлөө ямар ажлуудыг хийж ирсэн байна вэ?

-Би уралдаан, тэмцээн явуулах хоббитой. Тэдгээрийг зохион байгуулна гэдэг их ажил л даа. Их урлагт хөл тавьснаас хойш өдийг хүртэл нийт 5157 концертонд хөтлөгчөөр ажилласан. Төрийн болон баяр ёслолын хүндэтгэлийн концертууд, Улсын филармонийн сонгодог, эстрадын тоглолтууд, уран бүтээлчдийн тайлан тоглолтууд, гадаа талбай, стадионы шоу хөтөлбөр зэрэг 325 арга хэмжээнд найруулагч, ерөнхий найруулагчаар ажиллажээ. Энэ бүх зүйл миний хувийн дэвтэр дээр он сар өдөртэйгөө байгаа. Олон улсын эстрадын дуучдын “Хөх Монгол” наадмыг санаачлан 20 жил зохион байгуулж, монгол дууны наадам болгосон. Ахмад эстрадын дуучдын тоглолтыг санаачлан нэг хөтөлбөрийг байнга дүүрэн үзэгчтэй 518 удаа тоглуулсан нь Монголдоо анхдагч болсон. Өөрөө санаачлан 1975 оноос өдий хүртэл 196 уралдаан тэмцээн зохион байгуулсан байна. Тухайлбал бяцхан эстрадын дуучдын уралдаан, залуу эстрадын дуучдын уралдаан, гадаадын дуучдын дунд “Монгол дууг хэн сайн дуулах вэ”, мэргэжлийн дуучдын дунд “Зохиолын дууны найр”, “Ардын эрхийн хит парад”, төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийн дунд симфони оркестртой “Ардын дууг хэн сайн дуулах вэ” уралдаан, рок поп дуучдын наадам, “Сайхан хос”, “Моод эстрад”, “Найман гитарын цуурай”, “Жентельмен залуу”, “Хөдөөгийн одод Улаанбаатарт”, Хятад, Япон, Итали, Турк, Франц, Солонгос, Орос дууг хэн сайн дуулах вэ уралдаан, “Азийн алдарт гурван тенор”, “Улаанбаатарын мөнгөн шөнө”, “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг найман удаа, “Эх орны гавьяатууд” зэрэг уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулсан байна. Мөн 1981 онд Сочи хотод “Красная Гвокдика” олон улсын поп, рок дуучдын уралдаанд, Германд болсон “Дрезден-85”, Чехсловак улсад “Братиславская лира-86”, Польш улсад “Сопод-87”, Болгар улсад “Золотой орфей-88” зэрэг уралдаанд шүүгчээр ажилласан байх юм.

-Таныг хийж бүтээсэн болоод бусад сонирхолтой тоо баримтуудаа тэмдэглэдэг гэж сонслоо. Хэзээнээс ингэж дэвтэр дээрээ тэмдэглэхээр болсон бэ?

-Миний тэмдэглэсэн дэвтэр хэд хэд бий.(Ширээнийхээ нүднээс хар хавтастай гурван дэвтэр гаргаж үзүүлэв) Анх 1974 онд Улсын симфони найрал хөгжимтэй гоцлол дуучдын концертыг найруулсан гэж байна. Тэгэхээр тэр үеэс эхэлсэн байх. Дэвтэр дээрээ тэмдэглэсэн хэдэн тоо баримтаас дурдъя. Тухайлбал гадаадын 72 орноос 2800 гаруй жүжигчдийн тоглолтыг хүлээн авч, Монголынхоо ард түмэнд сонирхуулсан байна. Мөн 8783 дуутай, 31 дууны түүвэртэй. Ажил мэргэжлийн онцлогоос хамаарч өдийг хүртэл 7867 утасны дугаартай дэвтэр ашигладаг. Энд бас 1983 оноос одоог хүртэл албан ажлаар өрөөндөө 14578 хүнтэй уулзсан гэж тэмдэглэсэн байна. Хувийн сонирхлоор цуглуулсан 72 орны жижиг архины цуглуулгатай. Монголын уран бүтээлчдийн 500 гаруй фото зургийн цуглуулгатай л даа. Энэ бүгд миний амьдралдаа хандах, ажилдаа идэвхтэй байх зарчим юм. 

-Ингэхэд та мэргэжил, мэргэжлээр нь ангилаад л уралдаанаа зохион байгуулчихдаг юм уу?

-Ер нь бол тийм. Худалдагч, эмч, багш, жолооч, нисгэгч, бөхчүүд, офицерууд, тэр байтугай компанийн захирлуудын дунд төрөл бүрийн уралдаан зохион байгуулдаг. “Хүрэн хаалгатай дэлгүүр”, “Багшийн алдар”, “Суман цагаан хөлөг”, “Дуунд дуртай компанийн захирлууд дуулж байна” гэх мэт өвөрмөц нэртэй уралдаанууд бий. “1960-1970-аад оны дууг хэн сайн дуулах вэ” гэдэг уралдааныг залуучуудын дунд зохион байгуулж байлаа. Залуус дуулаг л дээ. “Амрагийн дуу”, тэр сайхан “Өргөн Сэлэнгэ”, “Орь залуу нас”, “Ээждээ” дуу хаа байна. Ерөөсөө байдаггүй. Бас нэг сонин ажил бол 1000 хурандаа, дэд хурандаагийн баяр хийсэн. Улсын циркт тэрхүү арга хэмжээг зохион байгуулахад бүгд дүрэмт хувцастайгаа, бөөн одон медальтай улс л ирж байлаа. Надад 78 настай нэгэн хурандаа дараа нь хэлж байсан юм. “Ухнаа минь, их баярлалаа. Миний хувцас 19 жил эвхээтэй байсан. Тэгээд үхэх л юм бодож байлаа. Дүрэмт хувцсаа өмсөх газар байхгүй. Гудамжинд ямар өмсөөд явалтай биш. Баяр, наадамд биднийг урихаа больсон. Ёстой л эвхээтэй нь дуусах юм бодсон. Миний хувцсанд салхи оруулж өглөө” гэж. 

-Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Зангад гуай “Жараад оны эхэн үеэс наяад он хүртэлх хугацаа бол Монголын дууны урлагийн “их ургац”-ын он жилүүд байсан” хэмээн хэлсэн байдаг. Алтан үеийнхний тухайд дурсвал?

-Үнэн л дээ. Ер нь тэгэхдээ 1960-1970-аад он бол манай нийтийн дууны оргил үе байсан. Ямар мундаг яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучидтай байсан гэж санана. Ийм учраас дөч, жаран жил дуулуулж байна. Өнөөдөр дуулаад байгаа дуунууд хэдэн жилийн настайг бид хэлж мэдэхгүй. Хамгийн харамсалтай нь сүүлийн үед монгол аялгууг их эpлийзжүүлж байна. Энэ бол aюул. Төрөлхийн сайхан хоолойтой монголчууд маань хачин эpлийзжсэн дуу дуулаад хүүхдүүдийн хоолой хэцүүдлээ. Дандаа хагас хоолойгоор дуулдаг. Өнгөө гаргахгүй байна. Европт арван хүн дотор дуулдаг хоёр л хүн бий, бусад нь чадахгүй. Манайд арван хүн байлаа гэхэд арвуулаа дуулна. Тэдгээрээс найм нь сайн дуулдаг. Хоёр нь бүр гайхалтай. Ийм л авьяастай байхгүй юу. Тийм учраас монгол аялгуу, монгол хөгжим, монгол шүлгээр “амьсгалмаар” байна. Энэ сайхан дуунуудынхаа хүрээнд олон уралдаан явуулсан. Соёл, урлагийн их сургуулийн багш нар их мэрийдэг. Эстрадын дууны ангид “Өргөн Сэлэнгэ”-ийг өгч байна. Эстрадын дуу биш шүү дээ. Гэхдээ сураг, мэдэг. “Ямар гоё дуунуудтай байсан юм бэ” гэж бэлтгэл ангийнхан, хоёр, гуравдугаар курсийнхэн хэлдэг шүү дээ. Өнөөдрийн дуунууд ч яах вэ дээ. Цагийн юм цагтаа дуулагдана. 

-Та их говийн хүн. Төрж өссөн нутгийнхаа талаар яриагаа үргэлжлүүлэх үү?

-Дорноговь аймгийн Дэлгэрхэт буюу одоогийн Иххэт сумын Холбоо гэдэг газар төрсөн. Хүүхэд байхдаа бусдын л адил хурга, ишигтэй ноцолдож, морь унах дуртай жаал байлаа. Зургаан настай хүүхэд морь унаж байхад ээж минь “Энэ жаахан амьтнаар морь унуулж болохгүй” гэж эcэргүүцдэг, болгоомжилдог байсан юм. Манай нутаг их сайхан. Ардын жүжигчин цолны зарлигаа уншуулчихаад маргааш өглөө нь нутаг руугаа гарсан даа. Шинийн нэгний өглөө яг цол хүртсэн цагтаа нутагтаа очоод Баян-Өлзийт хэмээх уулан дээр гарч нар мандахыг харж зогсонгоо “Зургаан настайдаа гарсан жаахан хүү чинь өдгөө ардын жүжигчин болоод төрөлх нутагтаа ирлээ” гэж залбиран сүү өргөсөн. Говийн наран яаж манддаг билээ. Сайхан шүү дээ. Ийн залбирч зогсоход багадаа морь уралдаж, хонь хариулж байсан газар, хүүхэд ахуй цаг нүдэнд минь харагдах шиг л болсон. Би жилд нэг удаа нутагтаа очиж ийн залбирдаг юм. Нутаг амьтай хүн л дээ. Мөн сумынхаа театр буюу соёлын төвдөө мөргөдөг. Манай нутгийн Соёлын төвийн дарга Мөнхжаргал гэж мундаг ажиллагаатай хүн бий. Миний хэлсэн болгоныг хийдэг. Тийм ч учраас аймагтаа 12 удаа шилдэг Соёлын төвөөр шалгарч байсан.Сумынхаа соёлын төвд “нууц ноёнтон” мэтээр үргэлж л зөвлөж ирсэн дээ. 

-Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цycaa уpcган тэмцэж явсан Монгол Улсын баатруудын нэг Д.Данзанваанчиг агсан таны аав гэдгийг олон түмэн мэднэ. Аавынхаа тухай дурсахгүй юу?

-Миний аав 1939 онд цэргийн албанд ирж цэрэг, бага дарга, дунд, ахлах офицерын албан үүргийг 1972 он хүртэл гүйцэтгээд насны тэтгэвэрт гарсан. Монгол ардын армийн хуягт бригадын миномёт пулемётын наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг цөмлөн Японы милитaристуудыг бyт цoxиход баатарлаг бaйлдаж, дaйны талбарт дaйсны cуманд оногдож, таван удаа хүн шapxдаж байсан гэдэг. Гурван хоног улaaн цycaн дотор хоол, цайгүй шapхтайгаа цycaa гожyyлан хэвтэж байхад нь цэргийн эмнэлгийнхэн олсон байдаг. Эмч нар очиход маш хvнд байдалтай байсан гэдэг. Сүүлд аав минь “Тэр үед би vxэж болохгүй, нутаг усандаа, Ухнаадаа очно доо гэж бодон ёстой л амьдрахын тулд шүд зуун тэвчиж байлаа” хэмээн ярьдаг юм. Энэ үнэхээр баатарлаг явдал шүү. Миний аав баатар хүн учир хүү нь ч гэсэн аливаа зүйлд хариуцлагатай хандаж, аавынхаа нэрийг cэвтээхгүй авч явах нь чухал гэдгийг яc маxaндаа шингэтэл ойлгосон. Аав ч надад ингэж захидаг байлаа. “Миний хүү нэрээ гаргаж, олон түмэндээ түшигтэй хүн болоорой” гэж. Тэр цагаас өдийг хүртэл аавынхаа нэрийг бодож, амьдралд, урлагт зүтгэсээр явна. Хүүхэд байхад аав энд тэнд урилгаар очиж, уулзалт хийдэг байлаа. Баатар дээшээ, Баатар дээшээ л гэж хүн болгон хүндэлдэг. Автобусанд явсан ч суудал тавьж өгдөг байсан. Баатрын үнэмлэхтэй учир үнэгүй явна. Тийм хэдхэн л хүн байсан даа. Ийм сайхан нэр төртэй ааваараа их бахархдаг. Тэр үеэс эхлэн олон түмэндээ нэртэй, алдартай явах чинь ямар гоё юм бэ л гэж бодсон. Хожим театрт орохдоо ч бодсоор ирсэн. Нэр алдартай хүний хүүхэд өндөр хариуцлагатай байх учиртай. Ирэх жил аавын минь 100 жилийн ой тохиох гэж байна. Энэ хүрээнд эртнээс олон ажил төлөвлөсөн байгаа. Нутгийнхаа арван жилийн сургуулийг аавынхаа нэрэмжит болгох, алдрын танхим, сургуулийн үүдний талбайг тохижуулах бодолтой байна. Сумын төвд хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулна. 

-Таны аав таван баатрын хамт нэг өдөр Улсын баатар цолоор шагнуулсан гэсэн байхаа?

-1945 оны есдүгээр сарын 26-нд Бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Дaйны талбарт өөрт оногдсон үүргээ гарамгай биелүүлсэн гэж аавыг минь Л.Аюуш, С.Дампил, хошууч Т.Дүүдэй, холбоочин М.Жанчив, хурандаа Д.Нянтайсүрэн нартай нэг өдөр “БНМАУ-ын баатар” цолоор шагнасан. Дэлхийн II дайны төгсгөл болсон, Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг ycтгасан 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсоноор Монгол Улс дэлхийн хүн төрөлхтний өмнө тусгаар улс гэдгээ батлан харуулсан. 2005 онд Монгол Улсын баатруудын үр хүүхэд, ач зээ, зээнцэр нарын санаачлагаар сайн дурын үндсэн дээр “Yxэвч үнэн холбоо”-г байгуулсан. Монгол Улсын төлөө халуун aмь, бүлээн цycaa зориулсан баатруудынхаа тухай үр хойчдоо ойлгуулах, тэдний баатарлаг үйлсийг мөнхжүүлэх зорилготой. Энэхүү холбоо маань албан ёсны бус төрийн бус байгууллага юм. Д.Нянтайсүрэн баатрын хүү Сүрэнхорлоо бид хэд нэг өдөр ярилцаж байгаад “Баатруудын хүүхдүүд” холбоо байгуулъя гэсэн санааг гаргаж байсан. Тэгээд холбоо нээхээр болоод намайг тэргүүнээр ажиллах үүрэг өгдөг байгаа. Би тухайн үед “Энэ их ажлын хажуугаар би яаж хийх вэ” гэж байсан ч энэ үүрэг надад оногдсон юм. Үндсэндээ баатруудын хүүхдүүдийн нийлээд байгуулсан холбоо байгуулагдаад өдгөө арван хоёр жил болжээ.

error: Content is protected !!