Аавтайгаа Мартагдсан дууль кинонд тоглосон гэж андуурдаг

Ард түмнийхээ сэтгэлд хоногшиж үлдсэн “Мартагдсан дууль” киноны слесарь Сангийн дүрийг мэдэхгүй хүн үгүй. Түүний жинхэнэ нэрийг Г.Адилбиш гэдэг.
Тэрбээр “Тань руу нүүж явна” киноны Цэрэнгийн дүрд тоглосон билээ. Эерэг сөрөг дүрд гайхалтай хувирч чаддаг эрхэм уран бүтээлч маань тэнгэрт дэвшсэн ч өдгөө бүтээсэн дүрүүд, тоглосон киногоороо бидний дунд амьдарсаар байна.


Энэ удаагийн “Мартагдашгүй танил” буландаа “Санги ах”-ын том охин А.Адилцэцэгтэй ярилцаж, аавынх нь амьдрал, уран бүтээлийн тухай дурсамжаас хуваалцлаа. Уг киног Ж.Сэлэнгэсүрэн найруулсан байдаг.

-Олон сарын өмнө холбогдсоны эцэст урилгыг минь хүлээн авч, уулзаж байна. Танд баярлалаа.

-Та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа. Ажил ихтэй байлаа. Энэ сайхан өдөр уулзаж байгаадаа баяртай байна.

-Г.Адилбишийн Адилцэцэг. Аавын чинь өгсөн нэр үү?

-Манай ээжийг н.Цэцэгмаа гэдэг. Анх надад их инээдтэй нэр өгөх гэж байсан гэдэг. Би өглөө 07.00 цагт төрсөн гэсэн. Тэгсэн өвөө, эмээ маань чамд Долоонцаг гэж нэр өгөх байсан гэж надаар тоглодог. Аав, ээжийнхээ нэрний эхний хэсгийг нийлүүлж, А.Адилцэцэг гэж нэрлэсэн. Гэтэл одоо ихэр охины ээж болсон. Энэ нэр минь миний амьдралыг зурсан юм шиг. Тухайн үед жирэмсэн гэдгээ ч мэдэхгүй “Жинжиймаа” киноны сумын эмчийн дүрд тоглож байлаа.

“Мартагдсан дууль” уран сайхны киноны Сангийн дүр ард түмний сэтгэлд хоногшин үлджээ. Энэ киног 1989 онд бүтээсэн байх аа?

-Тийм ээ. Аавын минь тоглосон “Мартагдсан дууль” уран сайхны кино Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хүрсэн. Энэ кинонд тоглох урилгыг аав минь авч, Дарханд зураг авалтыг нь хийсэн байдаг. Манай аав Дорнод аймгийн хүн. Тухайн үед маш олон сайхан жүжигчнээс яг тэр дүрд тохирох эсэхийг маш сайн проб хийж, олон удаагийн сорилтод оруулж гол дүрээ сонгон шалгаруулдаг байсан. “Мартагдсан дууль” киног Ж.Сэлэнгэсүрэн найруулагч найруулсан. Тэд өмнө нь “Тойрох хуудас” уран сайхны кинонд хамтдаа тоглож байсан юм билээ. Аливаа зүйл энгийн байх тусмаа хүний зүрх сэтгэлд хоногшин үлддэг. Аавын минь гадаад дүр төрхийг нь хараад слесарь Сангийн дүрд тоглуулсан гэдэг. Нөгөө талаасаа найруулагч хүн тухайн жүжигчнийхээ дотор хүнийг харж, гол дүрээ зөв сонгож авсан юм уу гэж боддог.
-Аав нь багаасаа урлагийн амьдралд хөл тавьсан уу. Ер нь хэчнээн кинонд тоглосон бэ?

-Аав жүжигчин болохоосоо өмнө жолооч, хийл хөгжим тоглодог байсан гэдэг. Тэгээд тухайн үеийн Улсын багшийн их сургуулийн кино драмын ангийг Ардын жүжигчин С.Сарантуяа, Г.Эрдэнэтогтох гэх мундаг жүжигчидтэй хамт суралцаж, төгссөн. Оюутан байхдаа “монолог Адилаа” гэдэг хочтой байсан гэдэг. Дандаа дүрээ дотро бясалгаж, ярьж явдаг. Мэргэжлийн шалгалтаа ч их мундаг өгсөн гэдэг юм. Аавын минь анхны кино бол “Давааны цаана даваа”, “Тойрох хуудас”, Говийн зэрэглээ”, “Говь хянганд тулалдсан нь”, “Тань руу нүүж явна”, “Мартагдсан дууль”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” гээд найм, есөн уран сайхны кино бий. Бүх дүр нь үзэгчдийн сэтгэлд хоногшин үлджээ. Кинонд тоглохоос гадна найруулагчаар ажилласан.
-Ямар бүтээлд найруулагчаар ажилласан бол?

-Аав минь анх удаа 1994 онд “Совин” уран сайхны кинонд найруулагчаар ажилласан. Киноны гол дүрд нь би тоглосон. Тэр үед би Соёл урлагийн их сургуульд сурч байлаа. Миний хувьд анх 16 насандаа Б.Сумхүү найруулагчийн “Эцгийн голомт” кинонд тоглосон. Гэхдээ аав намайг жүжигчин болгох дургүй байсан. Би жүжигчин болно гэж зөрж, ширээн доор сууж эсэргүүцлээ илэрхийлж байгаад л энэ мэргэжлээрээ суралцсан. Намайг арван жилийн сургуулиа төгсөхөд цэцэрлэгийн эрхлэгч мэргэжлээр Герман улсад суралцах боломж гарсан. Гэхдээ би жүжигчин мэргэжлээ сонгосон л доо.
–Жаргалмаа охиныг гэртээ байх үед нь орон сууцны засварчин Санги ирж, усны хоолой засах зуур ганцаар уйдсан охин түүнд өөрийн зурсан зургаа үзуүлэн тэд танилцдаг. Киноны гол дүрд бяцхан охинтой тоглоход нь охиных нь хувьд ямар санагдаж байв?

-Тухайн үед би тэр кинонд тоглосон Ж.Ундаръяа шиг л байсан. “Мартагдсан дууль” кино гарсны дараа олон хүмүүс намайг Ж.Ундаръяа охинтой андуурдаг. Аавыг минь өөрийнхөө охинтой тоглосон гэж боддог. Аав минь ээжээс “Би өөр бүсгүйтэй кинонд тоглохоор чамд ямар санагддаг вэ” гэж асуудаг байсан. Тэгэхээр л ээж “Чи миний нөхөр биш юм шиг санагддаг” гэж хэлэхэд аав “Тэгвэл сайн байна” гээд маш их баярлаж байсан санаанд орчихлоо.
Миний хувьд тэр киног нь үзээд ааваараа илүү их бахархах сэтгэгдэл төрсөн. Гэхдээ өөр аав шиг бус яг л миний аав шиг санагдсан. /инээв/ Хэрвээ би хотод байсан бол шалгаруулалтад орж, хамт тоглох байсан ч юм бил үү.

Хүмүүс аавыг нь слесарь Сангийн дүрээр төсөөлдөг. Ер нь ямар зан араншинтай хүн байв?

-Манай аав их нээлттэй хүн байсан. Аав хүн бүр л үр хүүхдүүдийнхээ төлөө сэтгэлтэй, өр зөөлөн байдаг. Манай аав илүү мэдрэмжтэй байсан юм болов уу. Аав минь шинэ жилийн баяраар өвлийн өвгөн болдог. Тэгээд л сахал үсээ зүүгээд, монгол дээлээ өмсөхөөрөө их гоё харагддаг. Хүүхэд байхдаа аавыгаа өвлийн өвгөн гэдгийг ч мэддэггүй байлаа. Сүүлдээ “Би чамд хайртай” кинонд дээр гардаг шиг аавтайгаа хуйвалдаж байгаад дүү нараа баярлуулдаг болсон. Аав минь бидний үгийг маш сонсч чаддаг. Маш өндөр мэдрэмжтэй.Охидоо их хайрлаж, өмнүүр нь орж ажил хийнэ. Ер нь гэртээ амарч байгаа үедээ хүүхдүүдээ цаг зав гаргаж, амттай хоол хийнэ. Биднийг аль болох театрт тоглолт, кино их үзүүлж, янз бүрийн киноны сэтгүүл их уншина. Дүү нартайгаа бүжиг, дуу, шүлэг цээжлээд тусгай тайз гэртээ бэлдэж, аав, ээждээ тоглож үзүүлдэг байсан. Тэгэхдээ аав, ээж хоёр театрт үзвэр үзэж байгаа юм шиг гоё хувцсаа өмсөөд үзнэ. Хүүхдүүдээ хатуу үгээр загнаж, гар хүрч байсангүй.

-Аавынх нь тоглосон “Тань руу нүүж явна” киноны Цэрэнгийн дүрийг онцолж яръя. Мэргэжлийн жүжигчин хүнийхээ хувьд Цэрэнгийн дүрийг хэрхэн гаргасан гэж боддог вэ?

Цэрэнгийн дүр бол яг л миний аав. Аавынхаа тоглосон дүрүүдийг харахад дотоод хүний үндсэн мөн чанар нь яг л хэвээрээ байдаг. Хүмүүс дотортой жүжигчин гэж ярьдаг шүү дээ. Би аавыгаа ингэж л үнэлж явдаг. “Тань руу нүүж явна” уран сайхны киноны Цэрэнгийн дүрээр аавын дүр төрх бүр илүү тодорч гарч ирсэн гэж боддог.

Цэрэнгийн дүрийг маш гоё гаргасан. Багш нар нь ч гэсэн тэгж хэлж байсан. Кинон дээр уулын орой дээр гарч, монгол эр хүн сэтгэл доторх зангирлаа тайлж, тайвшраад гэртээ орж буй хэсэг гардаг. Тэр хэсэг бол үнэхээр сэтгэл хөдөлгөм сайхан санагддаг.

-Энэ сайхан уран бүтээлч хэтэрхий эрт буцав уу гэх харамсал төрдөг юм?

-Уламжлалт баяр болгоноор цэнхэр дэлгэцээр аавын минь тоглосон кинонууд гардаг. Бүтээлүүдийг үзэхэд одоо ч биднийхээ дэргэд байгаа юм шиг санадаг. Гэхдээ сэтгэл дотроо мэгшинэ. Аав минь 45-хан насандаа бусдын гарт амиа алдаж, тэнгэрт дэвшсэнд маш их харамсдаг. Хэрвээ аав минь амьд сэрүүн байсан бол аавтайгаа маш олон уран бүтээлийн ард гарах байсан. Миний хувьд нэгдүгээр курсийн оюутан байхдаа Г.Жигжидсүрэн найруулагчийн “Зүүдний цагаан унага”, “Их бичгийн хүн” гээд хоёр ч киноны гол дүрд тоглосон. Тэр киноны нээлтийг аав минь очиж, үзээд шархиртал уйлж байсан. Тэгээд “Би чинь охиныгоо жүжигчин болгохгүй гэж хорьж байсан. Миний охин сайн байна” гэж надад хэлсэн. Аав минь намайг хүлээн зөвшөөрөөд тэнгэрт дэвшсэн. Анх жүжигчний гараагаа 16 насандаа “Эцгийн голомт” киногоор эхэлж, эцгийнхээ мэргэжлийг залгасандаа их бэлгэшээдэг. Тиймээс охин нь аавынхаа нэр төрийг өндөрт өргөж явахыг хичээдэг.

Аавынхаа амьдрал, уран бүтээлийн тухай ном гаргах бодол бий юу?

-Надад аав минь тухай бичсэн ганц хоёр шүлэг бий. Аавынхаа тоглосон уран бүтээлүүдээр нэгтгэж, дуу бүтээх бодол тээгээд явж байна. Магадгүй тийм хүмүүс байвал надтай холбогдоорой.

-Одоо үр хүүхдүүд нь хаана юу хийж байгааг сонирхож болох уу?

-Бид эцэг, эхээс дөрвүүлээ. Хоёр охин, хоёр хүүтэй айл. Манай нэг дүү маань Дорнод аймагтаа ажиллаж, амьдарч байна. Нэг охин дүү маань сэтгүүлч мэргэжилтэй. Гадаадад амьдарч буй. Нэг дүү маань хотод амьдарч байгаа. Миний хувьд 16 настайгаасаа хойш 30-40 уран сайхны киноны гол болон туслах дүр дээр ажилласан. Соёл урлагийн их сургуулийг төгссөний дараа Хүүхэлдэйн театр, хошин урлагийн “Өнгөт инээд” продакшн, телевизийн хөтлөгчөөр ажилласан. Сүүлийн гурван жилийн хугацаанд Хятадын Өвөр Монголынд дунд сургуулийн хүүхдүүдэд хэл яриа, жүжгийн багшаар ажиллаж байгаад ирсэн.

Цар тахлын улмаас Өвөр Монгол руу буцаж яваагүй. Одоо “Охидын мисс” төвд хэл яриа, жүжиглэлт, хөтлөгчийн багшаар ажиллаж байна. Цаашдаа найруулагчаар ажиллах бодолтой явна. Манай ээж бүжигчин мэргэжилтэй хүн. Уг нь аавтай хамт кино драмын ангид шалгалт өгч үзсэн ч “Би бол жүжигчин хүн биш юм билээ. Жүжигчин хүн цаанаасаа өгөгдөлтэй байдаг юм байна” гэж байсан гэдэг. Би бол гурав дахь үеийн жүжигчин болж байна. Манай ээжийн ээж жүжигчин хүн байсан.

error: Content is protected !!