Монголчууд нэгдэн Н. Батмөнхийн АЛТАН ГАДАС одонгийн найрыг хийхээр болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2021.11.25/ эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдийг төрт ёсны түүхт тэгш ойнууд давхацсан онцгой жил, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медалиар шагнасан.

Уг зарлигт Алтан гадас одонгоор Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Ноосонгийн Батмөнх, Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын ажилчин Гялааны Бямбадорж, Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам, талбайн мастер Самбуугийн Жаргалсайхан нар шагнагдсан билээ.

ТҮК-ийн ажилчдын шагналыг эзнээ олсон шагнал хэмээн цахим орчинд сайшааж буй. Тэр дундаа Зам, талбайн үйлчлэгч Н.Батмөнхийн талаар иргэд илүүтэй онцолж байна. Түүнийг Одонгийн найраа хийхэд нь зориулж xaндив цуглуулья гэсэн санаачилгыг дуучин Нара буюу М.Нарантуяа бүсгүй санаачилж өчигдөр оройноос эхлэн хандив цуглуулж эхэлсэн.

Тэрбээр Жинхэнэ Монголын төлөө ажиллаж, шагнуулсан ТҮК-ийн ажилтан энэ эрхэм хүнд ард түмэн нь Алтан Гадас-ийн найрыг нь нижгэр хийгээд өгье. Шагналын найр гэж хийдэг гэсэн. Хэдүүлээ ганц ганцхан мянган төгрөг xaндивлая. Олон жил тайзан дээр гараагүй ч би дуулж хуурдаад найранд ирэх эгэл хамт олонд нь баяр нэмнэ. Хaндив өргөхийг хүсвэл М.Нарантуяа миний Хаан Банкны 5163372057 тоот дансанд шилжүүлнэ үү. Нэг ч төгрөг дутаалгүй, шилэн данс хөтөлж хүлээлгэн өгнө гэжээ. 

Xaндив цуглуулах LIVE хийснээс хойш 10 минутын дараа 1,5 сая төгрөг цугларсан байсан бол өнөөдөр /2021*11*26/ 11 цагийн байдлаар 14 сая гаруй ₮ цугларсан болохыг М.Нарантуяа цахим хуудастаа бичжээ. 

Түүнчлэн түүний АЛТАН ГАДАС одонгийн найрыг Буган Халиун ресторан 100% хариуцан даахаа мэдэгдсэн бол Эмоци хамтлагийн жүжигчин Тэмүүжин арга хэмжээн хөтлөн явуулахаа мэдэгдсэн бол дуучин Наагий, Найдандорж, Батсайхан нар ая дуугаа өргөхөө мэдэгдээд байгаагаас гадна бүжгийн Dance Chance хамтлаг мөн тус арга хэмжээнд нэгдэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Н.БАТМӨНХ: Xoг шүүpдэж явснаас, төpдөө үнэлүүлнэ гэж бодож явсангүй

-Юуны өмнө танд Алтан гадас одон хүртсэнд баяр хүргэе. Энэ баярт мөчийн сэтгэгдлээсээ хуваалцвал?

  -Хот тохижилт үйлчилгээний газар ажиллаад арван хоёр жил болж байна. Энэ хугацаанд удирдлагынхаа өгсөн үүрэг даалгаврыг чанд мөрдөж, нэг ч өдөр ажлаа таслалгүйгээр ажиллаж ирснийхээ үр шимийг өнөөдөр хүртсэндээ баяртай байна. Төрдөө, ажлын хамт олон, удирдлагууддаа халуун сэтгэлийн угаас баярлаж байгаагаа илэрхийлье.

-Та шагнал авах болсноо хэзээ дуулсан бэ?

 -Өчигдөр албаны дарга Та төрийн дээд одонгоор шагнагдах болсон шүү. Өглөө 09.30 цагт ордонд Ерөнхийлөгчөөс гардаж авах учир бэлэн байгаарай гэж хэлсэн. Тэгээд л хурдхан шиг өдрийнхөө ажлыг амжуулчихаад, гэрийнхэндээ хэлээд, хувцсаа бэлдсэн. Өмнө нь би Хот тожижилт үйлчилгээний газрын хотын аварга, Засгийн газрын жуух бичиг, Үйлдвэрчний хорооны алтан медалиар шагнуулж байсан.

-Та аль нутгийн хүн бэ. Анх хөдөлмөрийнхөө гарааг хаанаас эхэлж байв?

 -Би Ховд аймгийн Булган сумынх. Анх 1976 онд наймдугаар анги төгсөөд илгээлтийн малчнаар ажиллаж байгаад, хотод ирж цэргийн газар ажилласан. Түүнээс хойш Барилгын техникум, наян машины граш, Гадаад худалдааны яам, гутлын үйлдвэр гээд олон газар ажилласан. Ингэхдээ удаа дараа хөдөлмөрийн аварга ажилчнаар шалгарч байсан. Хамгийн сүүлд уурхайд ажиллаж байгаад группт гарсан. Тэгээд л Хот тохижилт үйлчилгээний газар ажиллаж эхлээд өдгөө арван хоёр дахь жилтэйгээ золгож байна. Би ерөөс зүгээр сууж чаддаггүй. Аль болох хөдөлмөрлөж, үр хүүхдүүддээ үлгэрлэхийг боддог. Намайг гэртээ суучихвал, хүүхдүүд маань дуурайгаад ажилгүй нэгэн болно шүү дээ.

-Таныг шагнал авах үеэр ажлын хамт олон нь цөм ажлынхаа хувцастайгаа очиж баяр хүргэсэн байна билээ. Та их сайхан хамт олонтой хүн байна шүү?

 -Үнэхээр сайхан хамт олонтой. Тэд маань намайг байнга Ахаа гэж хүндэлнэ. Тэднийхээ урмын үг, хүндлэлээр сэтгэл өндөр ажлаа хийдэг. Хэн нь ч Та ядарч байна уу, халуун цай уу гээд бариад ирнэ. Өнөөдөр хүн бие биенийхээ дэмэнд л амьдардаг. Энэ сайхан халуун дулаан хамт олны итгэл сэтгэлээр өнөөдрийн энэ шагналд хүрсэн. Сэтгэл дүүрэн яваа хүн л ажлаа сайн хийж, гэгээ татуулж явдаг. Тиймээс сэтгэл дундуур явж ер болохгүй. Хүний хүндлэлийг дааж явах шиг сайхан зүйл байхгүй.

-ЧАДВАЛ 70 НАС ХҮРТЛЭЭ АЖИЛЛАЧИХ ЮМ САН ГЭЖ БОДДОГ-

Таны ажил өглөө эрт эхэлдэг шүү дээ. Өвлийн улиралд хамгийн xүнд байдаг байх?

 -Өглөө 06:00 цагт ажилдаа гарч, цайны цаг хүргээд жаахан амсхийнэ. Тэгээд орой 18:00 цаг хүртэл ажиллаад буудаг. Долоо хоногийн хоёр өдөр амарна. Мэдээж xүндpэл бэpxшээлтэй зүйл их бий. Бэpxшээлийг дaвж хүн амжилтад хүрдэг. Түүнээс шaнтaрч, няцах юм бол хүн сайхан амьдарч чадахгүй. Бид өвлийн улирал гэхгүй xүнд нөxцөлд ажилладаг. Намар гудамж талбайгаар дүүрэн навч хөглөрнө. Зун хайрга чулуу их. Өвөл цаснаас үүссэн халтиргаа гулгаа гээд бүх л цаг үед эpcдэлтэй xүнд нөxцөлд ажилладаг.

Гэвч би нэг ч удаа xэцvv, xaтyyгаас xaлширч байсангүй. Харин ч эх орныхоо цэвэр цэмцгэр байдалд өөрийн өчүүхэн хувь нэмрийг оруулж байна гэж л бодон ажлаа хийдэг дээ. Мөн энэ сайхан ажлын буянаар үр хүүхэд, хань ижлээ гэдэс цатгалан, мөр бүтэн байлгаж байгаа учир шaнтрaх аргагүй. Одоо би 64 настай. Чадвал 70 нас хүртлээ улс эх орондоо ажиллачих юм сан гэж боддог.

-Таны энэ ажилч хичээнгүй, тууштай зан чанар аав, ээжээс өвлөгдсөн болов уу гэж бодож байна?

  -Мэдээж тэгэлгүй яах вэ. Алим модноосоо унаад холдохгүй гэдэг шиг хүн аав, ээжийгээ л дуурайна. Би эхээс есүүлээ. Аав маань биднийг нэг ч удаа зүгээр суулгахгүйгээр ажилд сургасан. Сур элдүүлнэ, жирэм, ногт сүлжүүлнэ, хоол хийлгэнэ. Бид цөм оногдсон ажлаа хийж, аавдаа шалгуулдаг байж билээ. Ингэж багаас минь ажилд сургасны ачаар ажлын дөртэй өсөж, хатуужил суусан гэж боддог. Одоо ах дүү нар маань бүгд ажил төрөлтэй, хамт олон дундаа нэр хүндтэй гялалзаж явна.

-Энэ хүнд хэцүү ажлыг хийхэд хамгийн их дэм болдог хүмүүс нь гэр бүлийнхэн тань байх?

  -Тэгэлгүй яах вэ. Миний хань Багануур хотын тохижилт үйлчилгээний газар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Бид дөрвөн сайхан хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгд тусдаа гарсан. Хүүхдүүдээ эрдэм боловсролтой болгохын тулд хань бид хоёр хичээсний үр дүнд хүүхдүүд маань цөм ажлын захтай болсон. Тэд маань аав, ээжийгээ байнга хүндэлнэ. Нэг ч удаа аав маань муухай ажил хийж байна гэсэн сэтгэлээр хандаж байгаагүй. Харин бидний төлөө шударгаар хөдөлмөрлөж байна гэж хүндэтгэдэг нь гэртээ орой ороход л мэдрэгддэг байсан.

Тэдний хэн ч Ааваа та дулаaн хувцаслаарай, даарчих вий гэж санаа тавина. Том хүү маань уурхайд механик инженер хийдэг. Саяхан байгууллагынхаа тэргүүний ажилтан болсон байна лээ. Ажлаа үнэнч шударга хийж, хүүхдүүдээрээ бахархаж явах шиг сайхан зүйл байхгүй. Би хүүхдүүддээ ажил битгий гол. Хүн хөдөлмөрлөж сайхан амьдралд хүрдэг гэж захидаг.

 -Ажлаа хийгээд явж байхад хүмүүсийн хандлага ямар байдаг вэ?

  -Хүмүүс янз бүрээр харилцдаг. Өвлийн хүйтэнд даараад явж байхад халуун кофе бариад ирэх нэгэн ч байна. Та бүхний ачаар хотын гудамж маань цэвэр цэмцгэр байгаа шүү гээд магтах хүн ч байна. Энэ нэг хэдэн юм гэсэн өнгө аястайгаар харьцах хүмүүс ч бий. Хамгийн гол нь биднийг ямар өнцгөөр, хэрхэн харах нь чухал биш. Хүмүүс амьдарч байгаа хотдоо хандаж байгаа хандлагаа өөрчлөх нь л чухал. Гэхдээ нэг үеэ бодоход залуусын сэтгэлгээ, хандлага өөр болсон.

Анх ажилд ороход xoгoo шидчихээд, шvлcээ хaяaд гардаг байсан бол одоо тийм дүр зураг ховор. Аль болох xoгoo хoгийн савандаа хийгээд явж байна. Энэ байдалд их баярладаг. Тэр дундаа орчин цагийн оюутан залуус их ухамсартай болсон. Харин одоо бидэнд дутагдаж байгаа нэг зүйл бол ажил гoлдoг, зaлxyy байдал. Хүн ажлыг голохоос, ажил хүнийг голдоггүй. Хэн ажиллаж хөдөлмөрлөнө, тэр хүн л сайхан амьдарна. Тиймээс залуустаа хандаж хэлэхэд, архинаас хол байж, ажлыг гололгүй хөдөлмөрлөж амьдраасай.

-Хотынхоо хөгжлийн төлөө дотор нь ажиллаж байгаа хүний хувьд их хотын маань хөгжил ямар байна гэж хардаг вэ?

 -Улаанбаатар хот маань хөгжиж байгаа. Цаашид улам илүү хөгжүүлэхийн тулд иргэн бүрийн оролцоо маш чухал. Өнөөдөр бид хотоо хөгжүүлж чадахгүй байна гэж ярихынхаа оронд хүн бүр нэг ч болов зөв алхамыг хийх хэрэгтэй байна. Амьдарч байгаа орчноо хайрлана гэдэг өөрийгөө хайрлаж байгаатай агаар нэг шүү дээ.

error: Content is protected !!