Г.Гэрэл: Би сайхан нөхөртэй, хөөрхөн хүүтэй, миний ажил мэргэжлийг ойлгож надад түшиг минь болж явна

МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл гэх бүсгүйг үзэгчдийн Өглөө хөтөлбөрийн хөтлөгч гэдгээр нь илүү таньдаг билээ.Тэрбээр телевизийн салбарт  20 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2001 онд Монголд анх удаа өглөөний цагийг үнэд хүргэх нэвтрүүлэгтэй болъё гэдэг зорилгоор Өглөө хөтөлбөр- ийг хийж эхэлсэн гэдэг.

Одоо бол энэ их айлын удирдах албан тушаалтан болсон түүний хэдэн жилийн өмнө хувийн амьдралынхаа талаар хэвлэлд нийтлэгдэж байсан ярилцлагыг эргэн сануулж хүргэж байна.

-Ямар сургууль төгссөн бэ. Хотын унаган охин биз дээ?

-Би 23-р сургуулийн Солонгос хэлний анги, МУИС-ийн олон улсын сэтгүүлчийн ангийг төгссөн. Манай ээжийн аав МУГЖ Мижиддорж өвөө маань Сэлэнгэ аймгийн уугуул. Тайз дэлгэцийн олон сайхан дүр бүтээсэн нэртэй жүжигчин байсан. Аавын ээж аав нь Ховд аймгийн уугуул. Тиймээс аавыгаа дагадаг юм чинь Ховдын л хүн болно байх. Би өвөөгөө хараагүй. Намайг төрөхөд бурхан болчихсон байсан. Өвөөгөө олон сайхан кино, зурагнаас нь мэднэ. Манайхан чинь их олуулаа, эмээ маань өвөөгийн тухай ярих их дуртай. Ач зээгээ бүгдийг нь тойруулж суулгачихаад өвөөгийн тухай нүдэнд харагдтал ярьж өгдөг.

Ээж маань ч гэсэн байнга өвөөгийн тухай гоё дурсамжуудыг ярьдаг. Энэ дурсамж яриа, киногийн нь үзээд би өвөөтэйгөө уулзаж байсан юм шиг л санагддаг. Манай гэр бүлийн бахархал шүү дээ. Нэг ах маань Дарханы Залуучууд театрын ерөнхий найруулагч, эхнэр нь МУГЖ Соёл-Эрдэнэ гэж бүжигчин бий. Манай ээж Монголын радиод найруулагч хийдэг. Эмээ маань Монгол телевизийн ууган ажилтнуудын нэг, МУИС-ийн сэтгүүлчийн ангийн анхны төгсөгчдийн нэг.

-Ажил хийдэг байсан болохоор нэлээд бийлэгжүү оюутан байсан уу?

-Оюутны амьдралын жаргал зовлонг би мэдрээгүй өнгөрөөсөн. Ажил хийдэг болохоор ангийхан дотроо нэлээд мөнгөтэй нь байсан байх. МУИС-д ороход их өндөр босготой байсан хэрнээ миний толгойг илж төгсгөсөн юм шиг санагддаг. Би өглөө болгон эфиртэй, тэнд хичээл орж л байдаг байсан. Дөрвөн жил сурахад бараг хоёр жил нь хичээлд суусан байх. Цагаа нөхүүлэх гээд МУИС-ийг хоёр дахин илүү мөнгө төлж төгсөж байсан. Уг нь манай багш нар намайг их ойлгож тусгай цаг гаргаж зааж зөвлөдөг байсан. Харин одоо магистр хамгаалахдаа Америкт сурна. Тэгэхээр л оюутны амьдралын жаргал зовлонг мэдэрье гэж бодоод байгаа ш дээ.

-Хөтлөхөөс өөр ямар авъяастай вэ. Дажгүй дуулчихдаг бил үү?

-Караокед бол дуулчихна. Кинонд тоглооч гэсэн санал ирж байсан. Жүжигт тоглож чадахгүй хүн нэг марзан тэнэг харагддаг ш дээ. Тийм харагдчих байх гээд айгаад тоглоогүй. Гэхдээ залуу хүн өөрийгөө туршаад үзье гэж бодоод телевизийнхээ 40 жилийн ойн теле жүжгийн гол дүрд тоглосон. Би өөрөө ичээд үзэж чадахгүй юм билээ. Үзсэн хүмүүс сайхан болсон байна лээ гэж урам хайрласан. Саяхан дуучин Гантулга надад өглөөний тухай нэг сайхан дуу байна, хоёулаа хамтран дуулъя гэсэн санал тавьсан. Удахгүй нэг сайхан дууг хамтран дуулна.

-Гэрлээ хэр үрэлгэн бэ? Сарын орлого чинь хэд вэ?

-Би их үрэлгэн ш дээ. Манай нөхөр бид хоёр хэр үрэлгэн юм гэдгээ тооцож үзсэн. Үрэгдээд байгаа мөнгөнийх нь 70 хувь нь миний гараар орсон байсан. Үрэхээс ч аргагүй байдаг л даа, хувцас, будаг шунх гээд наад захын хэрэгцээ эмэгтэй хүнд их байдаг. Ер нь хүн орлого зарлагаа бичээд тооцоолоод үзвэл зүгээр юм билээ. Би өндөр цалин авдаг. Сэтгүүлчийн хөдөлмөрийг сайн үнэлэх хэрэгтэй.

Бид ар гэрээ орхиод өдөр шөнө, өглөө оройгүй л цалиндаа л урамшиж ажилладаг ш дээ. Сард хоол унд хэрэгцээндээ 500-600 мянган төгрөг л зарцуулдаг.

-Гэрлээг гэргийгээ болгож чадсан нууцлагдмал азтай залууг, юу хийдэг, ямар хүн байдаг бол гэж хүмүүс сонирхдог?

– Манай нөхөр эдийн засагч, математикч мэргэжилтэй. Гадаад харилцааны алба хашиж байсан одоо нэг бизнесийн байгууллагад ажилладаг. Надтай суусан азтай залуу./инээв/ Манай нөхөр үнэхээр сайхан, сайн залуу байдаг. Би ч гэсэн тэрэнтэйгээ ханилсан болохоор өөрийгөө азтай гэж боддог. Хөөрхөн хүүтэй болсон. Би хүүхдээ 3 сартайд нь ажилдаа орсон.

Одоо би их буруу алхам хийж, хүүгээ 10 сар хүртэл нь хамт байдаг байж гэж боддог юм. Илжиг модон хударгандаа гэдэг үг байдаг ш дээ. Төрчихснийхөө дараа бушуухан л ажилдаа ормоор, дотор давчдаад гарч явмаар санагдаад л ажилдаа орсон. Гэсэн ч хүүдээ тавих анхаарлаа сулруулахгүй байгаа.

-Хүүг чинь хэн хардаг вэ? Ганцаараа дураараа байж байгаад гэрийн эзэгтэй болчихоор жаахан хүндхэн байна уу. Ар гэрийнхээ ажлыг яаж зохицуулж байна?

-Миний хүүг асрагч нь хардаг. Би ер нь эрт айлын эзэгтэй болсон юм шиг санагддаг. Дөнгөж 20 гараад хүнтэй суусан. Гэхдээ эмэгтэй хүн болгон л айлын эзэгтэй болж энэ хариуцлагыг үүрэх л ёстой. Анх хүнтэй суучихвал бүх юм болох юм шиг боддог байсан үгүй юм байна. Айлын эзэгтэй болно гэдэг их хариуцлага үүрдэг юм байна. Хүүхдээ асарна, гэр орны асуудал, нөхрөө асарч халамжлахаас эхлээд эмэгтэй хүнээс их зүйл шаарддагийг биеэрээ мэдэрч байна. Урьд нь ээжээрээ бүх юмаа бэлдүүлчихээд зочид буудалд байгаа хүн шиг орж ирж унтчихаад гараад явчихдаг айлын эрх охин л байлаа.

Аав ээжийнхээ дэргэд байсан үе маань хамгийн сайхан үе байж дээ гэж боддог. Бүсгүй хүний жам хойно эрт орой хэзээ нэгэн цагт энэ амьдралыг туулах л ёстой. Тиймээс амьдралаа аль болох гэрэл гэгээтэй аз жаргалтай байлгахын тулд бүхнийг л зохицуулж бид хоёр сайхан амьдарч байна. Залуу хосууд хамгийн гол нь бие биендээ итгэж, ойлголцож амьдрах нь чухал гэж боддог. Эмэгтэй хүн сайн ханьтай болохоор ар гэртээ санаа зовох юмгүй ажил төрлөө амжуулж, хичнээн ядарсан ч тэр сайхан орчинд ороод хүүхдээ хараад бүх стресс тайлагдчихдаг. Бид гурав үнэхээр аз жаргалтай сайхан амьдарч байна.

-Эмэгтэй хүн эх болоод ээжийнхээ зовлонг илүү ойлгодог гэдэг. Ээж болоод юуг илүү ухаарч байна?

-Би өөрөө ээж болоод л бүхнийг ухаарч байна. Ээж маань яаж ийм их ажлыг амжуулж байсан юм бэ гэж бодогддог. Биднийг асарч халамжлахын хажуугаар өөрийгөө их сайхан авч явна. Миний ээж их сайхан бүсгүй байдаг юм. Хүн ээж болж байж л эх хүнийхээ хайрыг мэдэрдэг юм байна.

-Хөтлөгч болох сонирхолтой хүүхдүүд өөрт чинь ханддаг уу. Гэрлээ яг өөрийнхөөрөө нэвтрүүлгээ хөтөлж чаддаг болов уу?

-Дэлхийн топ таван мэргэжлийн дотор телевизийн хөтлөгчийн ордог. Сүүлийн үед телевизүүд олон болж түүнийгээ дагаад хөтлөгчид ч олширч. Миний үед залуу хөтлөгчид их ховор байдаг байсан. Надад сүүлийн үеийн хөтлөгчид хэн нэгнийг дуурайх ч юм уу, яг өөрийнхөөрөө байж чаддаггүй юм шиг санагддаг. Хэтэрхий нэгэн хэвийн болчихоод байгаа юм уу гэж бодогддог.

Би хүнийг дуурайдаг хүн биш Гэрэл телевизээр ямар гарч байна, тийм л хүн гэсэн үг. Миний байгаа нь л тэр амьдрал дээр ч, ажил дээр ч би өөрийнхөөрөө л байдаг. Хүн бүхэн өөрийн гэсэн өнгө төрх, имиджтэй, арга барилтай байх хэрэгтэй.

-Өглөө хэдэн цагт босдог вэ?

-Би олон жил өглөө болгон 6 цагт босч байна. Гэхдээ би телевизийнхнээсээ хамгийн аажуу босдог нь ш дээ. Манайхан өглөө эфирээ явуулах гээд инжинер, техникийнхэн 4 цагт босч ирдэг. Жолооч маань бүр ч эрт босч хотоо тойроод бүх хүнээ цуглуулаад өглөө 4 цагт бэлэн байлгадаг. Тэгээд харуул маань ёсолж оруулаад л манай телевизийн амьдрал гоё эхэлдэг. Манай “Өглөө хөтөлбөр” хөтлөгч төвтэй нэвтрүүлэг. Өнөөдөр Гэрэл жаахан урвагар байх юм бол нэвтрүүлэг маань ч гэсэн дагаад л сонирхолгүй болчих гээд байдаг. Өвдөж байсан ч эрүүл юм шиг л харагдахгүй бол манай нэвтрүүлгийн өнгө төрх өөрчлөгдөх гээд байдаг.

Би нэг биш удаа хожигдож олон ч шүүмжлэл, зэмлэлийг хүртэж байсан. Хөтлөгчийн ажлыг дуртай хүн болгон хийгээд байдаггүй. Би жаахан хүүхэд байхдаа Чимгээ эгч, Бямбаа эгч, Ичинхорлоо эгч нарыг харах л гэж мэдээ үздэг байсан. Гэртээ байгаа ТВ-гийн программыг эхнээс нь өндөр дуугаар уншаад нэвтрүүлэгч болж тоглодог байсан.

-Олны танил сайхан бүсгүйг сонирхдог эрчүүд олон байх. Нэлээд эрчүүдтэй нэр холбогдож байсан. Гэргий болоод тэр зовлонгоос хол байж чадаж байна уу?

-Залуу хүнийг залуучууд сонирхолгүй л яахав. Уулзъя, танилцъя гэсэн саналууд их ирдэг байсан. Гэхдээ одоо нөхөртэй болчихсон болохоор мэдсэн юм байлгүй, тийм санал ирэхээ больсон. Ер нь эрэгтэйчүүд гэлтгүй гадуур дотуур явахад хүмүүс намайг их таньдаг, хүндэлдэг болохоор би энэ ажилдаа их дуртай.

Хөдөөнөөс, хорих анги, цэргийн алба хааж байгаа хүмүүсээс надад захиа их ирдэг. Найз болмоор байна, дотно танилцмаар байна гээд л би их нийтлэг хүн аль болох бүгдтэй нь холбоотой харьцаатай байхыг хүсдэг.

-Нөхрийнхөө юунд нь болоод сонгосон бэ. Эрчүүд олны танил сайхан бүсгүйн нэр хүндэд нь болдог гэдэг ш дээ?

-Манай телевизийн Баясаа эгч хэлдэг байсан. Эмэгтэй хүн амьдралдаа хоёрхон сонголтыг л зөв хийчихвэл аз жаргалтай байж чаддаг гэж. Эмэгтэй хүний амьдрал ямар байх нь нөхрөөсөө их шалтгаалдаг. Тиймээс чи эхлээд нөхрөө зөв сонгох хэрэгтэй. Чиний нөхөр ямар хүн байна, чи тийм л явна гэж зөвлөдөг байсан. Би их сайхан нөхөртэй, миний ажил мэргэжлийг ойлгодог надад түшиг минь болж явна.

Ар гэрийн амьдралыг хань маань л даагаад явчихдаг учраас надад санаа зовох зүйл огт байдаггүй. Хоёр дахь сонголт маань би их сайхан мэргэжилтэй. Тиймээс би энэ амьдралаас өөр юу хүсэхэв, аз жаргалтай сайхан л амьдарч байна.

-Хадмууд чинь анх яаж хүлээж авсан бэ. Мэдээж нэртэй сайхан бүсгүйг дагуулаад очиход сайхан л байсан байх?

-Олны танил гэсэн үүднээс надад хандаагүй. Миний хүүтэй суух гэж байгаа сайхан охин байна гэж эелдэг дотноор хүлээж авсан. Манай хадмууд их сайхан хүмүүс байдаг. Ээж маань буянтай хөгшин бий. Ер нь манай хадмууд бид хоёрын амьдралд их тус дэм болдог.Ээж маань ирээд хүүхдүүддээ нэг сайхан хоол хийж өгөх үү гээд л сайхан амттай хоол хийгээд л, ээжийнхээ хийсэн шөлийг хөлсөө гартал уугаад амрах сайхан л байдаг. Манай нөхөр чинь дөрвөн хүүтэй айлын хүү, охингүй болоод ч тэр үү намайг бэр болоод очиход их л сайхан хүлээж авсан.

-Ярилцсанд баярлалаа.

error: Content is protected !!