Жүжигчин Цэдогийн шандасыг сорьсон ХОТУЛУН гүнж кино нээлтээ хийлээ

Үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд буй Хотулун гүнж УСК өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Шүүдэр продакшн, VOO-ын хамтын бүтээл Хотулун гүнж-Алтан судрын эрэлд УСК  нь  Юань гүрний үеийг харуулсан тулаант эпик төрлийнх бөгөөд Хотулун гүнжийн дүрийг жүжигчин М.Цэрэндолгор, түүний сэтгэлт залуу Абатайн дүрийг жүжигчин Б.Баттогтох бүтээжээ.

2020-2021 он дамнан цар тахлын үед багагүй хүнд цаг үед дөрвөн улирлын турш зураг авалтаа хийсэн энэхүү кинонд Хайду хааны дүрд СТА О.Гэрэлсүх, Урус хунтайжид СТА С.Тэмүүжин, Дува хунтайжид жүжигчин Г.Эзэнмөнх, Бүргэд баатарт МУГЖ Д.Төмөртогтох, Хасан сайдад СТА Ё.Баярмагнай, Хотулуны ээж Дөрбэжин хатанд СТА П.Мөнх-Од, Солон хатанд жүжигчин Б.Баярсанаа, Марал хатанд дуучин Ц.Энгүүн, Шибкан хатанд СТА Б.Эрдэнэ-Очир, Номхон хунтайжид  жүжигчин Д.Мөнхтөмөр, Зульфа шидтэнд жүжигчин Б.Сэтгэлтүвшин нар тогложээ.

Киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин М.Цэрэндолгор буюу Цэдо яриандаа, Миний хувьд багагүй шандас сорьсон уран бүтээл байлаа. Мэдээж түүхэн дүр учраас сүрдмээр санагдаж, эхэндээ багагүй сандарч байсан. Нийт баг хамт олныхоо хүчээр энэхүү бүтээлийн ард гарсандаа баяртай байна. Уран бүтээлийн гараанд маш том хувь нэмэр болсон гэж бодож байна. 

Анх киноны шалгаруулалтад орох санал ирэхэд миний охин гурван сартай байсан. Ээж нь 30-хан минут болно оо гээд машиндаа хүнд харуулж үлдээгээд ортол жүжигчний болон тулааны ур чадварын шалгалт өгсөөр хоёр цаг гаруй болсон.

Бидний кино жил дамнаж бүтээгдсэн. Одоо ингээд бодоход энэ том уран бүтээлийн ард гарахад хамгийн ихээр дэмжсэн нь миний гэр бүл, тэр дундаа миний охин. Охин минь миний хувьд хамгийн мундаг баатарлаг гүнж юм.  

Кино багийн хамт олноос гадна миний ээж, хань, ханийн минь гэр бүл гээд ойр дотны бүх хүний дэмжлэгээр би энэ энэхүү дүрийг бүтээсэн.

Кино зураг авалт эхлэх цагаас л намайг яг л жинхэнэ Хотулун гүнж мэт хүндэтгэн, хайрлан дэмжиж байсан баг хамт олондоо талархаж байна хэмээжээ.

error: Content is protected !!