МУГТ М.Уранцэцэгийн нөхөр: Ханиараа бахархдаг, Заримдаа өрөвддөг юм.Үрийн зулай үнэрлэн, ханийгаа баярлуулъя гэж бодолгүй яах вэ

Шинэ оны босгон дээр Монголын дэлгэцийн урлагт ГЭРГИЙ хэмээх шинэхэн хөрөг нэвтрүүлгийг Амьдрал фильм-ийн зүгээс толилуулж эхэлжээ. Уг нэвтрүүлэг нь Цензургүй яриа, Цензургүй сурвалжлага нэвтрүүлгээр олноо танигдсан сэтгүүлч Л.Мөнхбаясгалан ба түүний нөхдийн хамтын уран бүтээл юм.

Анхны зочноор Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт Мөнхбатын Уранцэцэг оролцлоо.

Түүний нөхөр Г.Төрмөнх ч бас таэквондогоор хичээллэдэг байсан бөгөөд нэвтрүүлгийн үеэр эхнэрээ зодог тайлаасай хэмээн битүүхэн хүсдэг гэдгээ нуусангүй.

Харин спортын амтанд шунасан бүсгүй дэвжээгээ орхих нь бүү хэл цаашид холимог тулаанаар хичээллэж UFC-д хүч үзэж, тив, дэлхийд дахин нэрээ дуурсгахыг хүсэж буйгаа дурдав. Тиймдээ ч М.Уранцэцэг өнгөрсөн аравдугаар сараас тулааны бэлтгэлдээ ороод эхэлсэн аж.

Бөхийн төрлөөс тулааны спорт руу урваж, олон амжилт үзүүлсэн хүн олон байдаг тул тэрбээр тэднийг нэг байхыг ч үгүйсгэхгүй юм.

М.Уранцэцэг оны өмнө спортын шилдгүүдийг шалгаруулдаг Бөртэ-Чоно наадмаас Токио-2020 олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтаараа 2021 оны шилдгийн шилдэг тамирчнаар шалгарсан юм.

Мөн тэрбээр Шилдэг эмэгтэй тамирчин-аар шалгарч Бөртэ-Чоно шагналын эзэн болсон билээ.

Харин спортод зүрх сэтгэлээ зориулсан М.Уранцэцэг хүүхэдтэй болж хараахан амжаагүй яваа бөгөөд нөхөр нь хүүхэдтэй болохоо арван жилийн турш хүлээж байгаа аж. Энэ тухай тэрээр:

-Ийм сайн ханьтай учирсан би их азтай хүн. Ханиараа бахархдаг. Заримдаа ханийгаа өрөвддөг юм. Би эмэгтэй хүн. Үрийн зулай үнэрлэн, ханийгаа баярлуулъя гэж бодолгүй яах вэ. Спортын төлөө, амжилтын төлөө гэсээр хувийн амьдралаа хойш нь тавин зүтгэсээр өдий хүрлээ хэмээн ярих нь нүдэндээ цаанаа л нэг гуниг тээсэн харагдав.

Хосууд дөрвөн хүүхэдтэй болохыг хүсдэг гэнэ.

error: Content is protected !!