Та ХОРТОЙ ээж үү

Хортой ээж (toxic mother). Би ч бас заримдаа хортой ээж болчихдог. Хортой ээж гэхээр зөвхөн хаясан, орхисон, архичин, хар тамхичин, хүүхдээ зоддог ээжийг хэлдэг биш юм. Санаанд оромгүй, хамгийн гэм зэмгүй мэт зарим шинж ч хортой ээжийн шинж гэнэ шүү.

Хортой ээжийн 7 шинжийг оросын нэг сайт дээр ийн бичжээ:

1. Мөнхөд сэтгэл дундуур байх нь хортой ээжийн шинж гэнэ. Сонин байгаа биз. Энэ бол манай монгол ээжүүдэд түгээмэл байдаг зан шүү дээ. Хүүхдэдээ сэтгэл дундуур биш ээж ер нь байдаг юм уу?

2. Пассив агресс. Ээж нь сэтгэл гаргаж хийсэн хоол юм чинь идчих. Ээж нь сарын цалингаараа авсан хувцас юм чинь өмсчих. Чамд л хэрэг болно ингэчих, тэгчих гэх мэт. Өөрийгөө таньж байна уу, ээжүүд ээ

3. Тотал контроль. Юу идэх, юу өмсөх, хаашаа харж унтах, хэнтэй нөхөрлөх, ямар сургуульд сурах, ямар мэргэжил эзэмших, мэдээж хэрэг хэнтэй гэрлэхийг нь бүгдийг нь заах, хянах, зөрчвөл шийтгэх. Нэг ээж бичсэн байсан шүү дээ. Охин нь би гоё хувцасладаг биш танд таалагдахаар хувцасладаг гэж хэлсэн гэж. Бас л танил дүр зураг. Мэдээж цааш нь үргэлжлүүлээд гэрлэчихсэн, ээж аав болчихсон, эмээ өвөө болчихсон хүүхдүүддээ яаж амьдрах, юу идэх, юу өмсөх, хаашаа харж унтахыг нь заах ариун үүрэгтэй гэж итгэх ээжүүд.

4. Хувийн орон зайд халдах. Юун хувийн орон зай? Ээжээс тусдаа юу ч байж болохгүй. Эхлээд хөөрхий муу нөхрийнхөө (байдаг бол) хувийн орон зайг бүрэн эзэлж, дараа нь хүүхдүүдийнхээ хувийн орон зай руу чин итгэлтэйгээр довтлон орох ээжүүд. Цүнхийг нь ухах, өрөөнд нь зөвшөөрөлгүй орох, мессежийг нь унших юу ч биш. Өөр яах юм бэ.

5. Гэмших сэтгэлээр нь удирдах. Би чиний төлөө ингэсэн, тэгсэн, амьдралаа зориулсан, хохирсон. Би чухам чиний насан дээр ийм тийм гавьяа байгуулж байлаа. Тэрний энэний хүүхдийг хар. Тийм сайхан. Гэтэл чиний байж байгаа царай гэх мэт.

6. Сөрөг сэтгэл хөдлөлийг хориглох. Юундаа уурлаад байгаа юм бэ, ямар гавьяа байгуулсан гэж уйлаад байгаа юм бэ гэх мэт.

7. Ээжийн сайн найз. Сайн туслагч. Дүүгээ асрах, дүү нараа тэжээх, гэр орондоо мөнгө олж ирэх үүргийг хүүхдүүддээ оногдуулах. Өөрийнхөө хувийн амьдралын нарийн ширийн зовлон жаргалыг хүүхдүүдтэйгээ хуваалцах гэх мэт нь бас л хортой ээжийн шинж гэнэ. Томхон хөвгүүдээрээ нөхөр орлогч хийдэг (миний түшиг тулгуур гэх мэт), охидоо гэрийн үйлчлэгч болгодог (охиноороо хамаг ажлаа хийлгээд жаргаж байна оо гэх мэт) ээжүүд байдаг шүү.

Ps: Бид ээжүүдээ буруутгах гэхээсээ илүү өөрсдөө аятайхан ээж байх сан гэх үүднээс энэ асуудлыг хөндсөн юм шүү.

error: Content is protected !!