Стивен Сигалын гэргий Б.Эрдэнэтуяа дэлхийн бүжгийн тэмцээнд орж, мөнгөн медаль хүртжээ

Read Time:1 Minute, 24 Second

Холливудын од, Америкийн жүжигчин Стивен Сигалын гэдгээрээ танигдсан бүжигчин Б.Эрдэнэтуяа өөрийн мөрөөдлөө биелүүлсэн талаар ийн бичжээ.

МӨРӨӨДӨЛ БИЕЛСЭН ӨДРҮҮД

Тэртээ 20 жилийн өмнө харь нутгийг зорьж, хүний эхнэр болсон цагаасаа өөрийн хүсэл мөрөөдлөө хойш нь тавьж, өрөөлийг өргөж ачлах эхнэр хүний, эх хүний ажилдаа шамдаж, хар нялхаасаа хайрлан дээдэлж, амьдарч амьсгалж ирсэн бүжгийн урлагаа бараг бүрэн орхисон байлаа. Дэлхийн хүнийг дагаж, дээдийн сайхан амьдралаар амьдарч, асар ихийг сурч мэдэж, арвин ихийг үзэж туулсан ч бүжгээ бүжиглэхгүй болохоор нэг зүйл дутуу байдаг байлаа. Гэтэл өдий 40 гарсан хойноо эх орон, элгэн саднаа төлөөлөөд дэлхийн тайзнаа гарч бүжиглэх их аз завшаан хувь тавиланд минь байсныг өдий болтол таагаагүй явжээ.

Хар багаасаа алмайрч гайхшран үздэг байсан дэлхийн одууд аваргууд төрөн гардаг Английн Блакпүүл хотын Винтер Гардэн ордны алтан тайзнаа орон орны чансаа өндөр бүжигчидтэй өрсөлдөнө гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг байлаа.

WDC буюу Дэлхийн Бүжгийн Зөвлөлөөс зохион байгуулсан World’s First and Foremost Dance Festival-д анх удаа Монголоос 4 бүжигчин оролцож, алтан партнер С.Баасантайгаа латин 5 бүжгийн хосын тэмцээнд quarter final-д үлдэж, багш шавийн тэмцээнд Jamts Jay багштайгаа дэд байр буюу мөнгөн медаль хүртэж, 2-р ранкд бичигдсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ. Энэ сайхан тэмцээнийг зүгээр л очиж үзье гэж зэхэж байсан партнер бид хоёрыг “өөрсдөө бүжиглээч ээ” гэж эрчилж зоригжуулж, дасгалжуулж бэлдүүлсэн Жамц багш болон Мөнхцэцэг С. дүүдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье!

20 жил бүжиглээгүй байж, 2-хон сар бэлдээд хүсэл мөрөөдлөө хамтдаа биелүүлж, хүндтэй тэр л дэлхийн тайзнаа жарган бүжиглэсэн алтан партнер Баска минь бас үнэхээр гайхамшиг байлаа.

Хүсэж явахад бүтдэг, мөрөөдөж явахад биелдэг, зорьж явахад хүрдэг, ерөөж явахад дэлгэрдэг хүний амьдрал дэндүү сайхан, дэндүү баялаг юм даа.

Б. Эрдэнэтуяа

2023.6.1

#Blackpooldancefestival

#WDC #Wintergarden #Blackpool

#latindance

Happy
Happy
34 %
Sad
Sad
1 %
Excited
Excited
54 %
Sleepy
Sleepy
1 %
Angry
Angry
2 %
Surprise
Surprise
8 %
Previous post Их тэнгэрийн ам руу бие зассан хятад иргэдийг албадан гаргажээ
Next post Боксчин Төгсцогт охиныхоо зургийг ил болгов
error: Content is protected !!