
С.Молор-Эрдэнэ: Манайх чинь доогуур түвшний хүмүүсийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа болгож байна шүү дээ
Философич С. Молор-Эрдэнэтэй ярилцлагаас
Улс орнууд эрдэмтэн, судлаач, эдийн засагч, философичид, академич гэсэн оюуны хүмүүсээ цуглуулаад санаалыг нь сонсч төрийн бодлогодоо үгийг нь тусгадаг. Гэтэл манайд яруу найрагч, тамирчин гэх мэтийн хүмүүс төрд зөвлөөд явж байх юм?
Аргагүй л дээ. Манайх чинь доогуур түвшний хүмүүсийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа болгож байна шүү дээ. Төрийн толгойд гарч байсан хүмүүсийг харж байхад манай нийгмийн, гудамжинд явж байдаг, байдаг л нэг залуучуудын түвшний хүмүүс байгаа юм.

Хэн ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг хараад өөрийгөө олоод харчихдаг. Заримаас нь доогуур түвшинд байгаа. Ерөнхийдөө нийтлэг түвшний, нийтлэгээс доош, дунджаас доогуур түвшний хүмүүсээ бид нар дээрээ аваачаад тавьчихаад байна. Тэгэхээр тэд мэдлэг боловсрол үнэлж, боловсролыг хэрэглэж, дэмжиж мэдэхгүй.
Яагаад вэ гэвэл өөрсдөө мэдлэг боловсролтой хэзээ ч нүүр учирч байгаагүй юм чинь байхгүй л гэж бодож байгаа. Алим гэдэг жимсийг амьдралдаа хэзээ ч хараагүй идээгүй бол алим жимсийг байдаггүй л гэж бодно (инээв).

Мэдлэг боловсролтой хэзээ ч учирч байгаагүй учраас мэдлэг боловсролтой хүн гэж байдаг, тэдний мэдлэг боловсрол үнэтэй шүү, мэдлэг боловсрол олж авах хэцүү шүү, мэдлэг боловсролыг олон улсад үнэлдэг гэдгийг мэдэхгүй юм чинь хөөрхий амьтад. Дунджаас доогуур түвшний хүмүүсийг толгой дээрээ тавиад “За биднийг одоо удирдаад аваад яв” гэдэг чинь ямар гэнэн, хүүхдээрээ хандлага вэ. Хүүхэд шиг хандаж байна. Тэр хүмүүс хэнээс ч онцгой биш. Онцгойроод байх юу ч байхгүй. Байдаг л нэг.

Ерөөсөө биднийг улс гж хэлэхэд хэцүү болчихоод байна. Орос Хятад хоёр л нэг юм биднийг улс гэж нэг юм хүлээн зөвшөөрч байгаа байх. Америкт очоод хүний доог болоод л. Чадахгүй байж. Хэл амгүй байж.
Гадны тэр их мундаг орнууд руу явж, гадны тийм өндөр түвшний хүмүүстэй уулзаж муугаа харуулж, ичгэвтэр юм болох шаардлагагүй л гэж бодоод байгаа. Муугаа мэдээд гэртээ л байж бай. Их сүрхий, айхавтар цэцэн хүн болох гэж явж байгаад ичгэвтэр юм болоод амаа таглуулаад гэртээ буцаж байна шүү дээ.