
Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбат: Ирж буй жилийн өнгө, засал номын талаар …
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээгч усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-н хоёрдугаар сарын 21-нд тохиож буй. Бид ирж буй жилийн өнгө, засал номын талаар Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбаттай ярилцлаа.

-Усан туулай жилийн ерөнхий өнгө болон шороон үхрийн зурлагын талаар яриагаа эхэлье. -Энэ жилийн шинийн 1-н ангараг гараг, цагаан нохой өдөр, есөн улаан мэнгэтэй, мод суудалтай, арвидахын барилдлагатай өдөр тохиож байна. “Үзэсгэлэн болгогч” хэмээгч усан туулай жилд өег цатгалан, хүмүүн өвчин үгүй, сэтгэл амар амгалан болмуй гэж жилийн гол өнгө буужээ. Айлчилж буй жилийг шороон үхрийн зурлагаар шинждэг.
Үхрийн толгойн өнгө нь хөх, биеийн өнгө ногоон, омруу болон эвэр, сүүл, чих нь хөх, дөрвөн шийр нь улаан, ходоод нь цагаан байна. Үхрийн зурлагад цэнхэр өнгө голлосон нь бороо хур элбэгтэй, өвс ногоо, цэцэг их дэлгэрэхийг бэлэгдэнэ. Энэ жилийн дундуур өвс ногоо сайтай, улирал бүрийн эхээр хур ихтэй, салхи шуурга ихтэй, улирлын сүүлээр хур бага байна. Үхэр хариулаач нь өвгөн хүмүүн байгаа учир настай хүмүүст ээлтэй, залууст дунд зэрэг, нялхаст ширүүвтэр жил гарах нь. Ширүүн, чанга жил гарна гэхээр нялхас болгон өвчин зовлон ороохын нэр биш. Жилийн өнгийг олон янзаар тодорхойлж болно.
-Жилийн онцлох заслын талаар? -13, 25, 37, 49, 61, 73, 85 настай хүмүүсийн жил орж байна. 13, 73 насанд төрсөн жил нь хүү махбодтой болдог учраас бие махбодыг энхрийлүүштэй. 25, 85 насанд төрсөн жилийнх нь нөхөр махбод гарч байгаа тул зовлон, жаргал ээлжлэн ирнэ гэж үздэг. Доржнамжим, Цэнд, Доржнамжимын жавтүй тэргүүтнийг айлтгавал машид тустай. 37, 97-ны жил орж буй хүмүүсийн төрсөн жилийн дайсан махбодтой учраас Улаан юм, Цэгмэдийн Чого, Лусын дором уншуулбал сайн. 49-ний жил эх махбодтой тул Нит, Жадамба, гурван гүрэм уншуулах. 61, 109 настай хүмүүс Мянган цагаан шүхэрт, Ширнэн, Цэнд тэргүүтнийг уншуулах хэрэгтэй.
Түүнчлэн: Шороонд суусан хүмүүс суудал өнцгийн засал Огторгуйд суусан бол огторгуйн үүд хаалгах засал
Уул болон хийнд суусан хүмүүс өнцөг засал Төмөрт суусан хүмүүсийн хийморь доошоо харсан байдаг тул Хийморийн сан гэх мэт номыг уншуулах нь зүйтэй. Туулай жилийн хар нохойн ам зүүн зүгт байна. Хар нохойн ам руу мөр, зүгээ гаргаж болдоггүй. Энэ жил усанд суусан хүний цог хийморийн зүг зүүн зүгт таарч байна. Зүгээ гаргахдаа цог хийморийнхоо зүг рүү гараад, буян хишгийнхээ зүгээс ирдэг. Хар нохойн ам зүүн зүгт байгаа тул усанд суусан хүмүүс урд зүгт гараад, хойд зүгээс гэртээ орох юм.
-Цагаан жилийн засалд ямар ном айлтгадаг вэ? -Туулай жилд хулгана жилтэй хүмүүсийн цагаан жил буюу логар жил тохиож байна. Сэтгэл санаа хямрах, бие тавгүйдэх гэм буй тул Их Манал, Мянган цагаан, Арван Хангал тэргүүтнийг уншиж заслаа хийлгэвэл зохилтой. Туулай жилд хонь, гахай жилтнүүдийн ивээл жил гарч байна. Тиймээс алс явах, их үйл хийхэд анхаарч, ивээл жилийн засал хийлгэнэ.
-Хүмүүс зурхайч ламд ямар асуудлаар ихэвчлэн ханддаг вэ? -Цагаан сар дөхөхөөр хүмүүс ирж буй жилийн өнгө, тухайн жилийн заслаа асуухаар ханддаг. Мөн харш, ивээл жил, суудал өнцөгдсөн эсэх, мэнгэ голлосон уу зэргээр асууна. Тиймээс ерөнхий жилийн үзлэг, шаардлагатай заслыг нь хэлж өгдөг.
-Хүмүүс заавал шинийн 15-нд багтаж заслаа хийлгэхийг эрмэлздэг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ? – Бурхан багшийн Рид хувилгаан үзүүлсэн сайн өдөр тул буян хийвэл 1000 дахин үрждэг хэмээн шинийн 15-ны дотор заслаа хийлгэхийг хүмүүс эрмэлздэг. Эрэгтэй хүн жилээ угтдаг, эмэгтэй хүн жилээ дагадаг гэдэг. Тиймээс эрэгтэй хүн нар буцдаг арванхоёрдугаар сарын 22-ноос эхлээд жилийн заслаа хийлгэвэл тустай. Эмэгтэй хүн жил гарсны дараа урд жилийн заслаа хийлгээд, араас нь гарч буй жилийн заслыг хийлгэвэл ач тус нь илүү. Мөн жилийн заслыг нэг удаа хийлгээд орхичих нь өрөөсгөл. Шинийн 15-ны дотор багтаана хэмээн адгахгүйгээр арванхоёрдугаар сарын 22-ноос хойш нэг заслаа хийлгээд жилийн дундуур, сүүлээр дахин заслаа хийлгэх нь зүйтэй. Номд жилийн эхэнд, шинийн 15-ны дотор заавал хийлгэх ёстой гэж айлтгасан зүйл байхгүй.